Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.15 09:43
1238
Иран улсын арми Израилын нутаг дэвсгэр рүү хийсэн агаарын довтолгоонд дэлхийн улс орнуудын байр суурийг нэгтгэн хүргэж байна

Бямба гарагийн орой Иран улсын арми Израилын нутаг дэвсгэр рүү агаараас довтолсон. Энэхүү цохилтыг дэлхийн томоохон хүчнүүд буруушааж энэ халдлага нь Ойрх Дорнодыг бүс нутгийг улам бүр тогтворгүй болгож байгааг анхааруулжээ.

Дэлхийн томоохон улс хүчнүүд ямар хариу мэдэгдэл хийж байгааг нэгтгэн хүргэж байна:

АНУ: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудтай яаралтай уулзалт хийснийхээ дараа Израилыг дэмжихээ амласан байна.

"Би дөнгөж сая өөрийн үндэсний аюулгүй байдлын багтай уулзаж, Иранаас Израилын  эсрэг хийсэн халдлагын талаар хуралдлаа. Ираны заналхийллийн эсрэг Израилын хамгаалалтыг дэмжиж ажиллана” гэж мэдэгджээ. АНУ-ын арми өнгөрсөн долоо хоногт нисэх онгоц болон баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг тус бүс нутагт шилжүүлээд байсан. Мөн АНУ агаарын дайралтыг зогсооход хамтарсан байна.

Их Британи: Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак цохилтыг буруушааж, "тус дайралт нь бүс нутгийн хурцадмал байдлыг өдөөж, тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй” гэжээ.

Европын Холбоо:  Европын Холбооны Гадаад харилцааны тэргүүн Жозеп Боррел өөрийн сошиал медиа "Х" дээр "урьд өмнө байгаагүй хурцадмал байдал, бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл" гэж нийтэлжээ.

НҮБ: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Лалын Бүгд Найрамдах Иран улс Израилын эсрэг эхлүүлсэн халдлага хурцадсаныг буруушааж" буйгаа илэрхийлсэн.

 “Ойрхи Дорнодын олон цэгт цэргийн томоохон сөргөлдөөнд хүргэж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийхийг талуудад уриалж бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсэх бодит аюулд ихээхэн санаа зовнож байна” гэж нэмж хэллээ.

Египет: Египетийн Гадаад хэргийн яам дайсагнасан ажиллагаа хурцдаж байгаад "гүн түгшиж" буйгаа илэрхийлж хязгаарлалт хийхийг уриалжээ.

Тус яамны мэдэгдэлд "мөргөлдөөнийг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх эрсдэл" бий болж буйг анхааруулж, Египет үүсээд байгаа нөхцөл байдлыг хязгаарлахын тулд мөргөлдөөнд оролцогч бүх талуудтай шууд харьцах болохоо илэрхийлсэн.

Саудын Араб: Саудын Арабын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, "үүсээд байгаа цэргийн хурцадмал байдалд" санаа зовниж буйгаа илэрхийлж, "бүх талууд дээд зэргийн тэвчээртэй байж, бүс нутаг болон өөрийн улсын ард түмнээ дайны аюулаас аврахыг" уриалсан.

Тус улсын мэдэгдэлд  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг "олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлэхийг" уриалжээ.

Хятад: Хятадын Гадаад хэргийн яам талуудад “тэвчээртэй” байхыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн саяхан гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхийг уриалж, "мөргөлдөөн одоо дуусгах ёстой" гэж мэдэгдлээ.

Франц: Францын Гадаад хэргийн сайд Стефан Сежурн “X” дээр "Иран улс урьд нь хэзээ ч байгаагүй ийм хариу арга хэмжээ авахаар шийдсэнээр тогтворгүй байдал үүсгэж, цэргийн хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй байна" гэжээ.