Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.19 08:12
773
Нигери улсад хулгайлагдсан эмэгтэйг 10 жилийн дараа аварчээ

Нигерийн цэргүүд 10 жилийн өмнө Чибок хотод хулгайлагдсан залуу эмэгтэйг аварсан тухайгаа мэдэгдлээ.

2014 оны 4-р сарын 14-ний өдөр Нигери улсын Борно хотын нэгэн дунд сургуулиас лалын “Боко Харам” гэх бүлэглэл хоёр зуун далан зургаан охиныг хулгайлсан байна.

276 охиныг хулгайлсан хэрэг гарсан даруйдаа дэлхий нийтийг цочролд оруулж, дэлхийн хэмжээнд #BringBackOurGirls буюу бидний охидыг буцааж өг гэх хөдөлгөөн өрнөж үүнд АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама оролцож байсан билээ.

Хулгайлагдсан охидын 100 шахам нь олзлогдсон эсвэл сураггүй алга болсон гэж үздэг байна. Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн Самбиса ойд байрлах Боко Харам бүлэглэлийн орогнож байсан газраас 180 гаруй охид зугтсан эсвэл тэднийг сулласан гэж үзэж байна. Эдгээр суллагдсан болон Нигерийн армийн аварсан охидын зарим нь жирэмсэн эвсэл хүүхэдтэй гэртээ буцаж ирсэн байна.

Пүрэв гарагт Нигерийн арми хулгайлагдсан залуу эмэгтэйг гурван хүүхдийн хамт аварсан гэж мэдэгдсэн. Эмэгтэй таван сартай жирэмсэн бөгөөд өөрийгөө Чибок хотын Пэми гэх мужаас ирсэн гэж мэдэгджээ.

Нигерт хүн хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг бөгөөд хулгайн бүлэглэлүүд ихэвчлэн залуу охидыг хулгайлахаар дунд болон ахлах сургуулийг байгаа болгодог байна.

Хүүхдийг Ивээх Сангийн (Save the Children) мэдээлснээр Нигер улсад 2014 оноос 2022 оны хооронд нийт 1680 гаруй сурагч хулгайлагдсан байна.

Өнгөрсөн сард тус улсын баруун хойд Кадуна мужид зэвсэгт этгээдүүд 130 гаруй хүүхдийг сургуулиас нь барьцаалсан нь сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй томоохон хүн хулгайлах гэмт хэргийн нэг юм. Нигерийн цэргүүд барьцаалагдсан бүх сурагчдыг Замфара мужаас хэдэн долоо хоногийн дараа аварсан гэж мэдээлсэн ч ажиллагааны талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: BBC