Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.19 10:11
1826
Таны чатын түүх Facebook messenger дээр харагдахгүй болсон уу? End-to-end Encryption тухай

Өнгөрөгч 12 дугаар сараас Messenger дээрх хувийн мессежнүүдэд зориулсан төгсгөл хоорондын шифрлэлт буюу End-to-end Encryption нэвтрүүлсэн. Үүний улмаас хэрэглэгч өөр төхөөрөмжөөс Messenger-т хандахад өмнөх чатын түүх харагдахгүй болсон нь олны дунд төөрөгдөл үүсгээд байна.

Энгийнээр тайлбарлахад End-to-end Encryption нь таны мессежний аюулгүй байдлын нэмэлт давхарга гэж ойлгож болно.

End-to-end Encryption гэж юу вэ?

End-to-end Encryption буюу төгсгөл хоорондын шифрлэлт нь таны мессежийг та болон тантай харилцаж буй хүнээс өөр хэн ч харахгүй байхын тулд таны хувийн нууцыг хамгаалахад тусалж буй технологи юм. “End-to-end encryption” гэдэг нь хоёр хүний хоорондоо бичсэн чатыг зөвхөн тэр хоёр хүн л унших боломжтой байдлаар шифрлэж дамжуулахыг хэлдэг.

Үүнийг таны гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах буй мессеж дуудлагыг таны төхөөрөмжөөс хүлээн авагчийн төхөөрөмжид хүрэх хүртэл хамгаалдаг нэмэлт хамгаалалтын давхарга гэж бодоорой. Өөрөөр хэлбэл илгээгчээс хүлээн авагч хүртэлх явцад хэн ч, түүний дотор Мета ч таны илгээж буй зүйлийг харах болон сонсох боломжгүй гэсэн үг.

Төгсгөл хоорондын шифрлэлтийг Messenger-т нэвтрүүлэхэд та өөр төхөөрөмжөөс хандахад өмнөх чатын түүх харагдахгүй. Үүнийг сэргээхийн тулд та secure storage-ийг идэвхжүүлэх шаардлагатай.

Secure storage буюу аюулгүй хадгалах сан нь таны төгсгөл хоорондын шифрлэлтээр хамгаалагдсан мессежийг хадгалах сан юм.

Та аюулгүй хадгалах санг асааж өөрийн сонгосон хамгаалалтын аргыг ашиглан Messenger-д шинэ төхөөрөмжөөс нэвтрэх бүртээ өмнөх түүхийг бүрэн харах боломжтой.

Та дараах алхмуудыг дагаж аюулгүй хадгалах санг идэвхжүүлж чатын түүхээ хадгалаарай:

Алхам 1. Компьютер дээрээ Messenger.com сайтыг нээгээд дээд буланд байгаа өөрийн профайл зургаа дарна уу;

Алхам 2. Нууцлал ба аюулгүй байдал (Privacy & Safety) товчлуурыг сонгох;

Алхам 3. Төгсгөл хоорондын шифрлэгдсэн чат буюу End-to-end encrypted chats сонгох;

Алхам 4. Secure storage дээр дарна;

Алхам 5. Turn on secure storage - "Аюулгүй хадгалах санг асаах" гэснийг товшино уу;

Алхам 6. Хамгийн сүүлд та ПИН эсвэл 40 тэмдэгтэй код сонгоно. Харин үүсгэсэн ПИН эсвэл 40 тэмдэгтэй аюулгүй газар хадгалахаа мартуузай.

Энэ тохиргоог хийснээр та шинэ төхөөрөмжөөс өөрийн Messenger-т хандаж үүсгэсэн ПИН эсвэл кодыг оруулснаар чатын өмнөх түүхийг бүрэн харах боломжтой.