Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2024.04.19 14:35
1082
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2024.04.19) хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Улсын Их Хурал дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 04 сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар чиглэл өгсний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн 13 дахь хэсгийг Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй багагүй хувиар хүүд тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй санхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах агуулгаар өөрчлөн найруулах саналыг бэлтгэжээ.

Мөн төслийн 16.12.6 дахь хэсгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уур уурхайн олборлолт ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгөөр оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангах агуулгаар өөрчилөн найруулж, үүнтэй холбогдуулан төслийн 13.12.8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах, 10.9 дэх хэсэгт өөрчлөлт оруулах, найруулах, найруулах санал бэлтгэсэн гэлээ.

Түүнчлэн ажлын хэсэг төслийн 4.1,5, 12.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналаа татан авч, төслийн заалтыг хэвээр үлдээхээр танилцуулсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хуралдаан даргалагчийн гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тус төслийн 5.4 дэх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг, 5.5 дахь заалтыг нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул гэж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүйээр эзэмшихээр өөрчилсөн хэмээн Б.Баттөмөр гишүүн танилцууллаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгээс анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололыг эцсийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлж, санал хураалгахаар бэлтгэсэн байна. Мөн хуулийн 5.7, 5.8 дахь хэсгийг өөрчлөн найруулах саналын томьёолол бэлтгэсэн байна. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Шууд дамжуулалтыг үзэх: