Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.04.19 16:57
2435
72 цагийн эмийг өсвөр насны охид чихэр шиг хэрэглэх болжээ

Сүүлийн жилүүдэд 20 хүртэлх насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ. Мөн өсвөр насны охид найз нөхөд, цахим орчноос буруу мэдээлэл авахаас гадна жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн талаар мэдлэг дутуугаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын өсвөр насны охидын төрөлтийн түвшин 2020 оны ДЭМБ-ын статистикаар тухайн насны 1000 охидод харьцуулахад 26.9 байгаа нь дэлхийн дундажаас 15.6 хувиар доогуур байгаа ч Номхон далайн баруун эргийн бүсийн дундажаас 12.5 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Энэхүү үзүүлэлт нь зүүн азийн орнуудын өсвөр насны охидын төрөлтөөс 3 дахин их байгаа гэх судалгаа гарчээ.

Б.Уранзаяа Залуучуудын хөтөлбөрийн менежер: Хүүхдүүд нэг нэгэндээ буруу ташаа мэдээлэл өгөх нь их байдаг. Жишээ нь: Чи өдий насан дээрээ, эрэгтэйчүүдэд бол чи ийм том болчхоод бэлгийн харилцаанд ороогүй юм уу гэх зэрэг. Тэр нь эргээд буруу алхам, буруу сонголт хийхэд нөлөөлж байна гэж хувийн зүгээс харж байгаа. Дээрээс нь эм бэлдмэлүүдийн хувьд жирэмслэлтээс хамгаалах эм болон бусад мэдээллийн талаар бид нар бодит үзүүлэн бодон бодит эмийг нь авч очоод сургалтаа ордог. Тэгэхэд эмийн талаар асуухад бүгд ямар нэгэн байдлаар 72 цагийн эмийн талаар мэдэж байдаг. Тэр нь 72 цагийн эмийн хэрэглээ байна уу даа гэж харахад хүргэж байгаа. 72 цагийн эм жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл огт биш. Хүүхдүүдийн хувьд дураараа эмийн сангаас ханиадны эм авч байгаатай адил авч уух эм биш. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ууж хэрэглэх эм. Гэтэл тэрийг хүүхдүүд мэдэхгүй хэрэглээд биедээ асуудал үүсгээд байна уу гэж анзаарагдаж байгаа. 

Мөн өсвөр насны охид дэлгүүрээс чихэр худалдаж авч байгаа мэт 72 цагийн эмийг худалдан авч бие биендээ хэрэглэхийг зөвлөх тохиолдлууд ч ихээхэн гарах болжээ.

Гэвч 72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд цус алдах, цэвэрших, үргүй болох зэрэг эрсдэлтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Манай улсын эмийн бүртгэлд жирэмснээс хамгаалах 72 цагийн дотор уудаг Постинор, Прегнон, Мадонна гэсэн гурван эм бүртгэгдсэн байдаг. Эдгээр эм нь  Унгар, Энэтхэг, Тайланд улсаас орж ирдэг бөгөөд  хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэж, хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусны плазм дахь концентрац нь дээд хэмжээндээ хүрдэг байна. Үүний дараа элгэнд задарч 60 хувь нь бөөрөөр, 40 хувь нь өтгөнөөр гадагшилдаг аж.

Постинор, Прегнон, Мадонна эмийн ерөнхий үйлчлэл нь өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөx явцыг саатуулдаг. Хэрэв өндгөн эс чөлөөлөгдсөн байвал өндгөн эс рүү эр бэлгийн эс нэвтрэн ороx явцыг саатуулах, үр тогтсон өндгөн эсийг умайн xананд бэxлэгдэx явцыг зогсооx үйлчилгээ үзүүлдэг байна.

Тиймээс нөхөн үржихүйн насны бүх эмэгтэй хүн ууж болно гэж эндүүрдэг байна. 

Тодруулбал, 72 цагт уудаг эмийг хоол боловсруулаx эрxтэн болон элэгний хурц, архаг өвчнүүдийн үед, чихрийн шижин, даралт өндөр, зүрхний өвчтэй, хөхний хавдартай болон өмнө нь хавдар тусаж байсан бол уг эмийг хэрэглэхийг хориглодог.

Мөн сарын тэмдгийн мөчлөг нь хэвийн явагддаг эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Хэдийгээр дээр дурьдсан өвчингүй ч эмний найралган дахь орцонд мэдрэг бол дотор муухайрах, сарын тэмдгийн мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах зэргээр эмийн гаж нөлөө илрэх юм. Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд уг эмийг хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

ДЭМБ-ын зөвлөснөөр постинор эмийг зургаан сард ганцхан удаа л уух заавартай. Гэтэл эмийн сангуудад хэн дуртай нь худалддагаас болоод охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болжээ.

Антибиотикийг дэлхийн олон оронд жороор олгодог байтал манай улсад жор байхгүй үед гуйж байгаад л авчихдаг жишиг тогтоод удаж буй. Үүний дараа орох хяналтгүй зарагддаг эм нь 72 цагийн дотор ууж жирэмслэлтээс яаралтай хамгаалах постинор, прегнон, мадонна юм. Гэвч эмийн зохистой хэрэглээг хэвшүүлнэ гэж эрүүл мэндийн салбарынхан байнга ярьдаг ч амьдрал дээр өнөөдрийг хүртэл  биеллээ олоогүй л байна. 

Сошиал мэдээ үзэх: