Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Спорт
2024.05.01 12:14
2068
Т.Нямжаргал UFC холбооны анхны тулаанаа 302 эвент-д хийнэ

Японы "Gladiator", Монгол улсын "MGL-1" Холбооны аварга Т.Нямжаргал 2024 оны 6-р сарын 2-нд болох UFC 302 эвэнтэд Бразил тулаанч Андре Лиматай тулалдах албан ёсны тов гарлаа. Т.Нямжаргал нь Road to UFC шоунд амжилттай оролцож UFC холбоотой гэрээгээ байгуулсан билээ.

Өдгөө 25 настай тэрээр Монгол улсаас дэлхийн холимог тулааны ноён оргил UFC холбоонд гэрээ байгуулсан 2 дахь тулаанч юм.

2019 онд холимог тулаанч Д.Батгэрэл UFC холбоонд анхны тулаанаа хийж байсан. Т.Нямжаргал болон түүнтэй тулалдах Бразил тулаанч Андре Лима нарын хувьд мэргэжлийн холимог тулааны замналдаа 8 тулаан хийж нэг ч ялагдаагүй гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Энэ амжилтаа хэн нь цаашаа үргэлжлүүлж авч явах вэ гэдгээ шийдэх сонирхолтой тулаан болох юм. 

UFC-гийн октагонд орж тулалдана гэдэг нь өөрөө холимог тулааны тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Тэгвэл манай тамирчин Т.Нямжаргалын хувьд UFC302 Махачев vs Порьер гэсэн маш том эвентид анхны тулаанаа хийж дэлхийн дэвжээнд эх орноо сурталчлах боломжтой болжээ.