Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Засгийн газар
2021.08.09 14:32
19176
Х.НЯМБААТАР: РИОТИНТО КОМПАНИЙ ТАЙЛАН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН ТАЙЛАНГААС ЗӨРСӨН
Х.НЯМБААТАР: ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДАЛ ХЭТЭРСЭН, АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ХОЙШИЛСОН НЬ ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛААС ШАЛТГААЛААГҮЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН

Төрийн ордонд  өнөөдөр /2021.08.09/ Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу дөрвөн тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авсан байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын хүмүүс мэдээлэл хийлээ.  
 
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг тусгасан байна. Цаашлаад, гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг уг дүгнэлтээс харах боломжтой юм.
 

Ялангуяа, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Оюутолгой төслийн менежер, уурхайн оператор болох Рио Тинто компани болон Оюутолгой ХХК-ийн зүгээс энэ асуудлыг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг бид Рио Тинто компаниас шаардах болно гэлээ.
 

Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж харж байна. Тухайлбал, Оюутолгой ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд энэхүү тайланд Оюутолгой ордын нөөц найм орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг Оюутолгой ХХК-иас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм.
 

Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой Оюутолгой төслийн менежментийг бид Рио Тинто компанид итгэл хүлээлгэн өгсөн. Рио Тинто компани жил бүр 200 гаруй сая ам.долларыг төслийн менежментийг хэрэгжүүлсний төлбөр авдаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой гүний уурхайн төслийг дэмжсээр ирсэн бөгөөд одоо ч дэмжиж буйгаа илэрхийлдэг. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Оюутолгой ХХК-ийн олборлолт эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох юм. Гэвч Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компанийн өнөөдрийг хүртэл бидэнд өгч байсан тайлбараас зөрүүтэй гарч байгаа нь Ажлын хэсгийн анхаарлыг татаж байна.
 

Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг төслийн бусад оролцогч талтай хамт авч хэрэгжүүлэх болно гэж Ажлын хэсгээс мэдээлэв.