Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Засгийн газар
2021.08.13 13:49
55404
Оюу толгойн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлыг Рио Тинто нуун дарагдуулахыг оролдсон уу?

Оюу толгой төслийн зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлыг хөндлөнгийн шинжээчид судалж дууссан бөгөөд эцсийн дүгнэлтийг Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тусгай хороонд ирүүлсэн талаар Засгийн газрын Ажлын хэсгээс 2021 оны 8-р сарын 9-ний өдөр мэдээлсэн. Тус дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн зардал нэмэгдэж, хугацаа 22 сараар хойшилсон асуудалд геотехникийн асуудлууд нөлөөлөөгүй гэж үзжээ.

Харин тус төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн зүгээс урьд нь хэд хэдэн удаа геотехникийн буюу урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулгийн нөхцөл байдлаас үүдсэн гэсэн тайлбарыг өгсөөр байсан юм. Гэвч дэлхийд нэр хүндтэй Хөндлөнгийн шинжээчдийн багийн дүгнэлт үүнтэй хамааралгүй гэж гарснаар Рио Тинто компани өмнө нь яагаад өөр тайлбар өгч байсан, төслийн хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудлыг засаж, залруулах арга хэмжээ авч байсан уу, энэ талаар мэдэж байсан уу зэрэг олон асуулт төрөх нь гарцаагүй.

“Financial Times”, “The Wall Street Journal” зэрэг гадаадын хэвлэлээр гарсан мэдээллээс харвал төсөл хойшилсон шалтгааныг Рио Тинто компани нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа юм.

Тухайлбал, АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан Пэнтвуотер Капитал Менежментийн нэхэмжлэлд зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон нь төслийн менежмент болон худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаас шалтгаалсан талаар дурьджээ. Түүнчлэн, Рио Тинто компани мэдээлэл ил болгохтой холбоотой үүргээ зөрчсөн байж болзошгүй асуудлыг Америк болон Их Британийн хууль, санхүүгийн зохицуулагч байгууллагууд шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан.

Мөн гадны зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж буй зарим хүн одоогоор Монгол Улсад Монгол Улсын зохицуулагч байгууллагатай уулзаж буй талаар ойрын эх сурвалж мэдээлж байна.

Гүний уурхайтай холбоотой асуудал болон Рио Тинто компани алдаатай менежмент хэрэгжүүлсэн байж болзошгүй талаар мэдээлэл бүхий дээрх хүмүүс энэ сард Монгол Улсад ирээд байгаа аж.

Тэднээс цаашлаад зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон бодит шалтгаан, түүнийг яагаад нуун дарагдуулахаар оролдсон зэрэг илүү нарийн баримт, мэдээллийг авахаар ажиллаж байгаа юм байна.

Оюу Толгойн гүний уурхайн төслийн эхлэх хугацаа 22 сараар хойшилж, 1.4 тэрбум ам.долларын зардал нэмэгдсэн бодит шалтгааныг илрүүлж, тогтоох нь зайлшгүй шаардлагатай бөгөөд Монгол ард түмэн энэ талаар үнэнийг мэдэх нь чухал асуудал юм.