Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.10.05 17:29
21963
ТАВАН ЗУУН САЯЫН ОРЛОГО, ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ БАРИЛГАТАЙ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээллийг уншигч үзэгчиддээ харьцуулалт хийн хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа УИХ-ын дарга ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХӨРӨНГӨ орлогыг танилцуулж байна.

Г.Занданшатар нь 2013 оноос эхлэн улс төрд хүчин зүтгэж яваа бөгөөд 2017-2019 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан бол, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байгаа юм.

Түүний хөрөнгө орлого тогтмол ногоорч өссөн үзүүлэлттэй гарсан ба 2019 онд 124 сая 305 мянга байсан бол 2020 онд 5 дахин нэмэгдэж 506 сая 459 мянга болсон байна. 

Харин гэр бүлийн орлогын тухайд 2019 онд 74 сая 448 мянга байсан бол 2020 онд мөн л өсч 85 сая 200 мянга болжээ.

Орон сууц барилга байгууламжийн хувьд 2019 онд зуслангийн байшин нэмэгдэж нийт 1 тэрбум 175 сая төгрөгийн үнэ бүхий 3 барилгатай байшинтай байна. 

Тэрээр 80 сая төгрөгийн үнэлгээтэй Суудлын жижиг машин, Nissan, Murano гэх автомашинтай бол 130 саяын үнэт эдлэл урлаг түүхийн үнэт зүйлтэй.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 188 сая 167 мянган төгрөг гэж мэдүүлсэн бол Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 2019 онд 13 сая 613 мянга байсан бол 2020 онд 3 сая 890 мянган төгрөг болж буурсан байна.

Түүнчлэн Монголиан силикон валлей ХХК-ийн 30 хувийг, Монитор консалтинг групп ХХК-иас 100 хувь ногдол хувь авдаг ба 30 сая төгрөгийн авлагатай гэж АТГ-д хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.