Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2021.10.11 11:49
47584
СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ. 

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Хэнтий аймгийн аймгийн 18-р тойрогт 34,29 хувь,  Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгуулахаар боллоо. Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран зарим асуултанд хариуллаа 

-Нэмэлт санал хураалтад зориулж нэмж мөнгө төсөвлөх үү?

-18,28-р тойргийн нөхөн сонгуульд зориулж 1.8 тэрбум төгрөг,  үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг улсын бүртгэл, цагдаагийн байгууллагын зардал. СЕХ-ны шууд зарцуулах зардал нь 1.8 тэрбум төгрөг байгаа. Тайлан гартал дахиад 50 хувийн ажил үлдэж байна. Нөхөн  сонгуулийн зардалд багтааж нэмэлт санал хураалтыг явуулах шийдвэрийг СЕХ-ны шийдвэрээр гаргалаа. 

-Нэмэлт санал хураалтаар дахин ирц хүрэхгүй байх тохиолдолд яах вэ?

-Хуулийн зохицуулалтаар хоёр дахь шатны буюу нэмэлт санал хураалтаар жишгээр санал хураалт явуулаад энэ үед ирцийн босго байхгүй. Энэ бол эцсийн санал хураалт. 

-Долоо хоногийн хугацаанд нэр дэвшигч сурталчилгаа явуулах уу?

-Нэр дэвшигч болон сонгуульд оролцож байгаа намуудад сурталчилгааны ажил байхгүй. Мэдээж иргэдийг нэмэлт санал хураалтанд оруулах, оролцоог хангах тодорхой ажил зохион байгуулна. 

-Цагаан хуудас буюу санал тэмдэглээгүй хэдэн саналын хуудас тоологдсон бэ?

-Цагаан хуудас буюу санал тэмдэглээгүй саналын хуудас нийт  153 байгаа.