Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрэн сурвалжлах
2022.02.16 10:45
16592
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын балаг буюу "Хөгжлийн банк"-ны чанаргүй зээл хэзээ төлөгдөх вэ?

Хөгжлийн банкны асуудал нийгэмд шуугиан тарьж, чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл ил тод болсон. Улмаар шүүхэд шилжүүлсэн 29 компани, шилжүүлэхээр төлөвлөж буй 40 компанийн нэрсийг зарласнаар зээл авагсад гэнэт зээлээ санаж, сандралдан зээлээ төлж эхлээд буй. Тэгвэл эдгээр чанаргүй зээлдэгч нарын дунд "Эрэл" компани багтаж байна. Тодруулбал, “Эрэл” компани нь 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд бий болох үнэ цэнэ буюу  мөнгөгүй данс, газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл авчээ.

 


Жишээ нь  2013 онд 23 сая ам.долларын , 2014 онд  12 сая 145 мянган еврогийн зээл авчээ. Эдгээр зээлийн үндсэн зээлийн өр,  хуримтлагдсан хүү, торгуулийн хүүтэй нийлээд  161 тэрбум төгрөг болжп байна. Гэвч өнгөрсөн есөн жилийн хугацаанд зээлээс нэг евро, нэг цент ч эргэж төлөлгүй "таг" санаж чанаргүй зээлийн ангилалд багтаад удаж байна. 

Ийнхүү арилжааны банкны зээлийн шалгуурт хэзээ ч тэнцэхээргүй ирээдүйд үнэ цэнэ бүтээх төсөл барьцаалж зээл авсан тохиолдлын зөвхөн нэг жишээ нь "Эрэл" компани. Зээлийг аль 2013 онд гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын үед  гаргасан  ч зээлийн эргэн төлөлтийн талаар санаа тавилгүй явсаар есөн он улирч, чанаргүйджээ.   

Арилжааны банкинд энэ мэт цаасанд хэзээ ч ийм их зээл гаргахгүй. Нөгөөтэйгүүр зээлийн төлбөр төлөх хугацаа нэг хоног хэтэрвэл эдийн засагч нар араас нь хөөцөлдөж, ядаж л Монголбанкны хар жагсаалтад орж, дараагийн үйл ажиллагаагаа хязгаарлуулдаг билээ. Гэтэл өдийг хүртэл  ийм их хэмжээний зээлээ таг мартсанаас харахад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат хэн нэгний захиалга, нөлөөгөөр зээл аваад тэр чигт нь мурих санааг анхнаасаа өвөрлөсөн гэж хардахад хүргэж байна.  АТГ-аас зээлийг  хуулийн дагуу авсан эсэх, зориулалтын дагуу ашигласан эсэх дээр мөрдөн шалгаж байгаа компанийн жагсаалтад "Эрэл" групп толгой цохиж байна. 

"Эх орон" нам байгуулж, хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр томилогдож байсан хуучин цагийн хөрөнгөтний нэг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат олон ч зүйлд нэр холбогддогийн нэг нь Хөгжлийн банк. Он удаан жил чанаргүй зээлдэгч гэх нэр хочтой явж байхаар нэрээ цэвэрлэж, авсан  бол өгдөг гэх иргэдийн афоризмыг дагавал сайнсан. Нэр хугарахаар яс хугар гэдэгсэн ...  Түүний өрийг татвар төлөгчид төлөхгүй. 

Банкны эх сурвалж: https://www.dbm.mn/news/1032

Чанаргүй зээлдэгчийн мэдээлэл 

Зээлдэгчийн нэр   Зээл олгосон он  Валют Олгосон дүн /тухайн валютаар/  Зээлийн үлдэгдэл /тухайн валютаар/  Нийт үлдэгдэл /төгрөгөөр /
1 ЭРЭЛ ХХК 2013.08.20 ам.доллар 23,000,000 37,398,260 106,566,343,266
2 ЭРЭЛ ХХК 2014.07.17 евро 12,145,000 17,633,738 55,940,388,903