Зам барилга
2022.02.21 16:54
20230
Дарханы замыг харахад хөгжил яриад ч хэрэггүй

Улаанбаатараас Дархан чиглэлийн 214 км автозамын ажил бүрэн дуусч, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр. Тус замыг анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 багц ажлын хүрээнд, дөрвөн эгнээ замыг ашиглалтад оруулах байв. Гэсэн ч бодит байдал дээр замын ажил удаашралтай сүүлийн дөрвөн жил иргэд там болсон замаар зорчсоор...

Салбарын сайд нь хавар намартаа сэтгүүлчдийг дагуулан сүржин гэмээр  танилцуулга хийж, зовлон тоочин ярьдаг бөгөөд тухайн ондоо ашиглалтад оруулж чадахгүй гэдгээ тойруулан хэлж аргалдаг.  Гэвч өнөөдөр замын ажил урагшлаагүй бахь байдгаараа байгааг энэ удаагийн сурвалжлагаар хөндье.

Иргэн Г.Оюун: Шороо тоос, энхэл донхол ихтэй энэ замаар явж эрүүл мэндээ хохироож байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ? 

 Хот, Дархан хоёрын хооронд байнга явдаг. Энэ зам дуусахгүй, зам барих ажил  дөрвөн жил үргэлжилж байна. Хариуцсан хүмүүс нь энэ замыг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Замаас шалтгаалан жолооч нарт хохирол учирч байна. Бид ч хот хоорондын тээврээр их л  ядрах юм.  Шороо тоос, энхэл донхол ихтэй энэ замаар явж эрүүл мэндээ хохироож байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ? 

Засмал зам, хуучин засмал зам, шороон зам гээд бараг л бүх төрлийн зам холилдсон энэ хэсэгхэн газарт машинууд дугуйгаа сольж зогсох нь бас л хэвийн үзэгдэл. Бид аян замдаа дугуйгаа сольж буй жолоочтой таарлаа. Лавлаж асуувал хэсэг газрын шороон замд дугуйгаа хагалчихсан гэнэ. 

Жолооч Г.Батсайхан: Дарханы замыг харахад хөгжил яриад ч хэрэггүй

  • Зам дагаж хөгжил ирнэ гэдэг.  Гэтэл бодит байдал дээр зам ийм байхаар хөгжил яриад ч нэмэргүй. Энэ замаар явахад дугуй хагарах тохиолдол элбэг. Замыг дуусгах нь хүн бүрийн мөрөөдөл болоод байгаа юм.Хариуцан, гүйцэтгэх компаниа сонгохдоо туршлагыг нь харах хэрэгтэй болов уу

Хашаа хаалт ч байхгүй энэ замаар олон улсын ачаа тээврийн, хүнд даацын машинууд холхилдоно. Аргагүй, улсын баруун бүсийг зүүн бүстэй нь холбодог нь энэ зам. Энхэл донхол ихтэй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээгүй учраас энэ замаар шөнө явахад гэрлийн ойлтоор харагдах орчин хязгаарлагдана.  Тиймдээ ч ачаа тээврийн жолооч нар нэмэлт гэрэл тавьдаг, цагдаа нар ийм гэрэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглож торгодог аж.

Мөн стандарт бус замаар олон машин ар араасаа давхихад шороо тоос босч үзэгдэх орчин хязгаарлагддаг. Дугуйны эргэлтээс ойсон чулуу машины цонх хагалчихдаг гээд олон бэрхшээл тоочиж болно. Гэхдээ амьжиргаагаа залгуулж, үр хүүхдээ тэжээхийн тулд дэндүү хэцүү энэ замаар өдөртөө 20 гаруй жолооч тээвэр хийдэг байна. Бухимдмаар энэ байдалд тэдгээр жолооч нар дассаных уу? Ойртох, зөрөх, гүйцэж түрүүлэх машины хөдөлгөөнийг нямбай гэгч нь ажигласаар, жолоогоо мушгина. 

Энэ талаар Нийтийн тээврийн жолооч М.Гонгор “ Авто тээврийн салбарт би 20 гаруй жил ажиллаж байна. Дарханы зам бол асуудал ихтэй. Шороон замын уулзвар нь Цайдмын хөндийгөөс цааш, Баруун хараа орохын наад тал, Сүмбэрийн салдаг хэсэг, Хөтөл даваад шороон зам бий. Өнгөрсөн жил зам хуулах ажил явагдаж байсан болохоор дан шороон замаар явдаг байсан. Энэ жил бол өмнөх жилүүдтэй харьцуулбал дажгүй байгаа... Гэхдээ энэ замын асуудлыг нэг мөр эцэслэж дуусгах хэрэгтэй. Жолооч, зорчигч нар дуусахыг нь хүлээж итгэсээр байна. Өвлийн халтираа гулгаа, зуны бороо хур ихтэй үед явахаар бэрхшээл дэндүү их” хэмээлээ.

Дархан хот руу голдуу Приус маркийн машинаар  хүн тээвэрлэх аж. Ингэхдээ жолооч нар даацын дугуй машиндаа тавьдаг гэнэ. Учир нь хагарсан дугуйгаа ойр ойрхон солих нь жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцогчдод төвөгтэй байдагтай холбоотой. Түүчлэн эдийн засагт ч багагүй хохиролтой нь ойлгомжтой юм.

Дарханы замаар сүүлийн гурван жилийн хугацаанд 48 хүний амь нас эрсдэж олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ.

Б.Нямсүрэн