Ярилцлага
2022.03.01 16:03
12495
АЙМГИЙН АРСЛАН Ц.Лувсан-Адъяа: Допинг гэдэг зүйлээс хол байх ёстой

Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, Хилчин Спорт хороо, Ажнай корпораци, Говийн хүчтэн дэвжээний бөх  Аймгийн залуу арслан Цэндээгийн Лувсан-Адъяатай үндэсний бөхийн талаар ярилцлаа.

-Анх цолоо авч байсан үеэ хуваалцана уу?

-Миний хувьд 2018 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумандаа түрүүлж анхны цолоо авч байлаа. Тэр үед их урам авч, бэлтгэл сургуулилтдаа хичээх болсон. Үүний дараа 2020 онд  аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Цол авах сайхан. Гэхдээ дагаад хариуцлага нэмэгддэг.

-Дасгалжуулагч мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв?

Багаасаа спортод дуртай, бөх болохыг мөрөөддөг байлаа. Анх багшийн ангид элссэн. Дараа нь ангиа солиод  үндэсний бөхийн дасгалжуулагчийн мэргэжлийг сонгосон юм. Тэгээд л өөрийн хүсэл сонирхлын дагуу “Аварга” дээд сургуулийг сонгон суралцаад, өнгөрсөн жил төгссөн. Сургуулийн багш нараасаа их зүйлийг суралцсандаа талархдаг. Бас одоо барилдаж буй ах нараасаа үлгэр дууриалал авч, суралцдаг. Цаашид спортын чиглэлээр гүнзгийрүүлэн сурна гэж боддог.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Зорилгынхоо төлөө өглөө эрт босдог. Өдрийн ихэнх цагийг бэлтгэлээ хийдэг. Цаг минут бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Өөрийгөө завгүй байлгаж, хөгжих хэрэгтэй гэж боддог. Цаг хугацаатай уралдсан хичээл зүтгэл, хөдөлмөрийн хариу нь зөв цагтаа ирэх байх.  

Спортийн салбар, бөхийн замналыг сонгосон болохоор залуу насандаа л сайн барилдах хэрэгтэй. Бүх зүйл цаг хугацаатай байдаг шүү дээ.

-Одоогийн багш нь ямар хүн байдаг вэ?

- Б.Сумъяа багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байна. Хилчин спорт хороонд харьяалагддаг.  Зарим үед Өмнөговь аймагтаа очиж Ц.Ганзориг багшийн бэлтгэлд хамрагддаг. Багш хүн бол үргэлж шавийнхаа төлөө явдаг. Зөв сайхан байдлыг дэмжиж, алдаа дутагдлыг ойлгуулж хамгийн дотны туслагч, зөвлөгч нь байдаг. Бөхөөр хичээллэж, тамирчин болсон багш нарын маань ач юм. Багш маань өөрөөс цолоор илүү хүнийг хүндлэх, дүү нараа тусалж дэмжих хэрэгтэй гэж захидаг. Бас мэнд устай, зөв харилцаа, хандлагатай байхыг зөвлөдөг.

-  Таны бодлоор бөх хүн ямар байх ёстой вэ?

-Төлөв даруу байх хэрэгтэй. Унасан ч давсан  хүндэтгэл гэдэг зүйл чухал санагддаг. Үндэсний уламжлалт баяр болох наадам, цагаан сарын баярыг  бөхгүйгээр төсөөлөхын аргагүй. Үндэсний бөх нь хүмүүжил, төлөвшилд  сайн сургадаг. Барилдахаас гадна сайн хүн байх ёстой.  Хаана ч явсан биеэ зөв авч явах хэрэгтэй. Бөхөөр хичээллэхэд  аливаа зүйлд тайван, хүлээцтэй, тэвчээртэй байх чадварын олж авдаг.  Манай улс бөхөө хүндэлдэг, хайрладаг ард түмэн. Сайн барилдаж, бөхийн жудгаа дээдэлсэн цагт ард түмэн хайрлах нь дамжиггүй. Допинг гэдэг зүйлээс хол байх ёстой болов уу.

- Залуу бөхчүүдэд тулгамддаг ямар асуудал байдаг вэ?

-Бид нарын өмнөх үеийн ах нар хотод орж ирээд бэлтгэл хийх заал олддоггүй байсан гэсэн. Одоо бол харьцангуй дээрдсэн.  Хөдөөнөөс ирэхэд амьдрах байр бас асуудал болдог. Мөн спортоор хичээллэхэд санхүү их чухал. Учир нь бэлтгэлээ хийгээд ажиллах боломж бага байдаг. Ар гэрийн дэмжлэг хэрэгтэй. Манай нутаг орноос бөхчүүдээ сайн дэмжиж, урамшуулдаг.

- Та  цаашдын зорилгоо хуваалцана уу?

-Мэдээж төлөвлөгөө зорилготой байж амжилтад хүрнэ. Бэлтгэлээ чамбайруулж сайн барилдаад цолоо ахиулна. Төрүүлж өсгөсөн ээж аав, зааж зөвлөдөг багш нар,  тусалж дэмждэг хүмүүсийнхээ ачийг хариулахын тулд сайн барилдах ёстой. Цаашид чадахгүй, мэдэхгүй зүйлээ сурахын төлөө хөдөлмөрлөнө.