Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эдийн засаг
2022.03.15 15:48
32896
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Монгол улсад шатахууны үнэ харин ч бага нэмэгдэж байгаа, цаашид ч нэмэгдэх хандлагатай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос шатахууны үнийн өсөлт болоод нөөцийн асуудлаар тодрууллаа.

Г.Ёндон: "Шатахууны нөөц хангалттай хэмжээнд буюу 30-40 хоногийн нөөцтэй байна. Нөөц нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-ын Роснефть компанийн захиралтай уулзалт хийсэн. Өнөөдрийн улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол улсын шатахууны нөөцийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулж, онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Манай улсад арваннэгдүгээр сараас хойш зах зээлийн үнэ рүүгээ ойртох алхмуудыг хийж эхэлсэн. Ерөнхий сайдын зүгээс ард иргэдэд ачаалалгүйгээр, дарамт багатайгаар шийдээрэй гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу зургаан сарын хөдөлгөөнт дундаж гэдэг аргачлалаар бид сүүлийн зургаан сарын үнийн дунджаар зах зээлийнхээ үнийг бодож байгаа.

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа асуудал бол огцом нэмэгдсэн байлаа гэхэд зах зээлийн үнээс зургаа дахин бага байгаа гэсэн үг. Тиймээс цаашдаа энэ аргачлалаараа л явна. 

ОХУ-ын зах зээлийн үнэ, Монгол улсын зах зээлийн үнэ хоёр хоорондоо ямар ч хамаагүй. ОХУ-ын шатахууны үнэ манайхтай ойролцоо байгаа. Рублийн ханш унаад жаахан өөрчлөгдөж байгаа байх. Нөгөө талаасаа манайх 2018 онд Роснефттэй байгуулсан гэрээгээр Сингапурын биржийн үнээр тооцож явдаг. Энэ гэрээ хүчинтэй. 2023 онд гэрээг шинэчилнэ. 

Шатахууны үнэ дээр төрөөс оролцоо байхгүй. Зах зээлээсээ шалтгаалаад зургаан сарын дундаж үнэ гэдэг цаашаа үргэлжлээд явна. Дэлхийн зах зээл дээр бүх улсад шатахууны үнэ нэмэгдэж байгаа, Монгол улсын шатахууны үнэ харин ч бага нэмэгдэж байгаа" гэлээ.