Ярилцлага
2022.03.18 17:18
19499
Н.Амарсанаа: Гэр бүлийн харилцааг урсгал голтой зүйрлэдэг, хүчирхийлэлтэй харилцаа үертэй гол шиг л байдаг

Энэ удаагийн ярилцлагын зочноор Гэр бүл судлаач, сэтгүүлч Н.Амарсанаатай гэр бүлүүдэд тулгамддаг асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа.

-Таны хувьд сэтгүүлч мэргэжилтэй шүү дээ. Гэр бүл судлаач болсон түүхээ хуваалцана уу?

-2009 онд МУБИС-ийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Миний хувьд мэргэжлээрээ ажиллах  бодолтой байсан. Гуравдугаар курсдээ үнэн сонинд дадлага хийсэн. Дөрөвдүгээр курсдээ МҮОНР мэдээллийн Хурд агентлагт дурангийн Гэнээ ахын удирдлага дор дадлагаа хийснээр радиод сонирхолтой болсон. Тухайн үед н.Оюунбаяр эгч Гэр бүлийн радиод дадлага хийгээд үзээч гэснээр анкет бөглөсөн. Ингэж  Гэр бүлийн радио 104.5-ын босгыг алхах эхлэл тавигдаж,  2010 оноос хойш тасралтгүй 12 жил ажиллаж байна. Энэ ажилдаа ороод гэр бүлийн чиглэлээр нэвтрүүлгүүд хийж эхэлсэн.

Анх 1045 гээд  захидлын нэвтрүүлэгт ажилладаг байлаа. Өдрийн шигтгээ бичиж, Аялаагүй бүүвэй гээд үр хөндөлтийн эсрэг нэвтрүүлэг хийдэг байсан. Эдгээр нэвтрүүлэгт оролцож байгаа эмч, сэтгэл зүйч нарын хариулт нь гэр бүл судлаач болоход нөлөөлсөн. Давхар хөрвөөд явах чадвартай мэргэжлээр магистр хамгаалвал зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд л гэр бүл судлаач мэргэжлээр ОУУБ сургуульд 2014 онд суралцаж, “Үр хөндөлтийн шалтгаан, үр дагавар” сэдвийн хүрээнд дипломоо хамгаалсан.  

- Та цахим орчинд өөрийн пэйж хуудсаараа судалгаа хийдэг, үүнээс юу олж хардаг вэ?

-3 сарын 18-ныг тохиолдуулаад “Таны нөхөр гэр орны ажилд хэр оролцдог вэ” гэсэн асуултыг пэйж хуудсандаа оруулсан. Гэтэл 90 гаруй хувь нь манай нөхөр гэрийн ажилд маш сайн оролцдог гэж бичсэн. 2700 орчим сэтгэгдэл ирсэн. Үүнээс эрчүүдийн оролцоо харагдаж байна.

Эрчүүдээс “Та ханиасаа сонсож байсан хамгийн муухай ямар үг байдаг вэ” гэхэд хараалын доромж утгатай гэх олон сэтгэгдэл байсан. Хүмүүсийн харилцааг анзаарахад доромж зүхэл тартагтаа тулсан. Хүн хараалаар ярина гэдэг өөрөө харилцааны хамгийн доод үнэлэмж. Ялангуяа хайртай хүнтэйгээ хараалаар ярина гэдэг бол байж боломгүй бүдүүлэг зүйл. Эрчүүдэд анхаарах зүйл нь амьдралын үр үндсээ хараалаар усалж болохгүй. Гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь ижил тэгш тэнцүү оролцоотой байх чухал.

-Нийгэмд Гэр бүлүүдэд тохиолддог түгээмэл асуудал нь архидалт, хардалт, үл хүндлэл гэх мэт тоочвол олон бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Тийм шүү. Нийгэмд гэр бүлийн олон асуудлууд байгаа. Мөн эерэг асуудлууд ч байдаг. Хамгийн гол зүйл боловсролтой холбоотой гэж  боддог. Монгол Улс өөрөө иргэдэд амьдрах ухаан, бэлгийн боловсрол, ёс зүй, харилцааны боловсрол  олгохгүй байна. Гэр бүлдээ цаг гаргаж байх хэрэгтэй.

-Залуу үеийнхэн нэгнээ сайн танилгүй, үерхэх явцдаа жирэмсэн болдог. Ингээд гэр бүл болохоос өөр аргагүй гэж үзээд хамт амьдардаг ч нэгнээ ойлгохгүй асуудал ар араасаа хөвөрсөөр салчихдаг. Энэ асуудалд залуу үеийнхэн хэрхэн хандах хэрэгтэй вэ?

-18 нас хүрээд иргэний үнэмлэх авахаар том болсон гэсэн ойлголт аваад шийдвэр гаргах гэж үздэг. Тархи судлаачдын судалж тогтоосноор 18-25 насандаа тархины арын хэсэг, лимпийн систем нь илүү ажилладаг. Энэ үе нь төлөвшил суурь муутай үе юм. Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандаж, зүрх сэтгэл бүхнийг  мэддэг чиглүүлдэг. Харамсалтай нь сэтгэл хөөрөл гэдэг нь түр зуурынх байдаг. Магадгүй алдах эндэх нөхцлийг биежүүлж байдаг.

Сэтгэл хөдлөлийг удирддаг хамгийн чухал нас 26 аас хойш юм. Учир нь хүн аливааг бодож тунгааж, буруу зөвийг ойлгодог. Мэдээж аливаад сэтгэл хөдлөлөөрөө хандаж эмоцтой байх нь чухал. Гэхдээ ямар ч зүйлд сэтгэл хөдлөлөөр хандах эсэхээ мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс ярихдаа би эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа энэ бол миний бие, өөрөө яаж амьдрахаа шийднэ гэдэг. Энэ бүх нөхцөл байдалд ирээдүйн амьдралд сөргөөр нөлөөлвөл буруу юм.

Жишээлбэл бэлгийн харилцаа  гэр бүлүүдэд зөвшөөрөгддөг зүйл. Гал зуухандаа асч байхдаа аюулгүй. Зуухнаас гал гарсан үед гэр шатаана, магадгүй түймэр болно. Үерхэж байгаа хоёр хүн бэлгийн харьцаанд ороод хүүхэдтэй боллоо гэвэл тэр хүмүүс гэр бүл биш учраас таарч тохирохгүй бол сална. Ер нь хүний удам судар, хүмүүжил, зан чанар, ёс зүйг нь таньж мэдэх  чухал байдаг. Дараа нь гэр бүл болсон хойноо дотно харилцаанд орж аав, ээж болох талаар ярих хэрэгтэй.

Үерхэж байгаад  дотно харилцаанд орох асуудал л залуусыг алдахад хүргээд байна. Тэгэхээр 26 хүртлээ өөрийн мэдлэг боловсролдоо анхаарах хэрэгтэй. Тархины ухамсартай хэсэг ажилладаг болсон тэр цагаас гэр бүл болох тухай бодох ёстой.

-Хосуудын дунд араар тавилт харанга дэлдэж байна. Энэ тохиолдолд салах нь зөв үү? Асуудлыг хэрхэн даван туулах ёстой вэ? Салалт сэтгэл зүйн хувьд 2 талд асар их дарамтыг бий болгодог шүү дээ.

-Гэр бүл судлаачид  хүчирхийллийн хоёр тохиолдолд л салахыг зөвлөдөг. Зоддог, амь насанд нь халтай байгаа бол салах нь зөв гэж үздэг.

ОУУС-ийн багш, гэр бүл судлаач, доктор дэд проппесор н.Оюун-Эрдэнэ гэж  багш байдаг. Хичээл ордог байхдаа Гэрлэхээсээ өмнө нүдээ сайн хар, гэрлэсний дараа нүдээ тас ань гэж үргэлж хэлдэг байсан. Гэрлэхээсээ өмнө энэ хүн миний хань мөн, биш эсэхийг  сонголт хийхдээ сайн анхаарах хэрэгтэй. Үеийн залуучуудтай харьцуулж алдаа дутагдлыг нь ажигла.

Нэг насныхаа туршид энэ хүний муу муухай сайн сайхан бүх зүйлтэй нь эвлэрч явж чадах уу... Харин гэрлэсэн бол дахиад өөр хүн хайх хэрэггүй. Нүдээ тас ань гэсэн үг. Өнөөдөр үнэн ч байдал үлгэр домог болсон мэт нийгэмд амьдарч байна. Баригдахгүй бол хэнтэй ч явсан  хамаагүй гэсэн хандлага байна. Надаас зөвлөгөө авч буй хүмүүсийн 70 орчим хувь нь гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааны талаар зөвлөгөө авч байна. Араар тавиулна гэдэг авто осолд орох дайны сэтгэл зүйн гэмтэл авдаг. Бүх итгэл нуран унаж, үнэн ч бус байдал үүрдийн харамсал авч ирдэг.  

- Эцэг эх болон, хүүхдүүд гэр бүлд ямар ямар үүрэг, эрхтэй байх ёстой вэ?

-Гэр бүл нь  хайрлах, хамгаалах, тэжээн тэтгэх, хамтран оролцох гэсэн дөрвөн үүрэгтэй байдаг. Хүйсийн төвшинд авч үзвэл нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь буугаад байдаг. Эрэгтэй хүн мөнгө л олж байвал болоо гэсэн жендерийн хэвшмэл ойлголттой байдаг.

2018 онд хийгдсэн судалгаанаас харахад анхаарал халамж дутсанаас салж байгаа нь   салалтын гол шалтгаан болж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүст байгалийн төрөлх шинж өгөгдөл байдаг.  Эрэгтэйчүүд байгалиасаа хүнээр амьдралаа заалгахгүй , тусламж дэмжлэг авах нь сул доройн байдал гэсэн шинжтэй. Харин эмэгтэй хүмүүс тусламж дэмжлэг авах сонирхолтой. Тийм ч учраас зөвлөгөө авч буй хүмүүсийн 80  хувь нь эмэгтэй  20 хувь нь эрэгтэй хүмүүс байдаг.

Аав хүн амьдралд хамгийн чухал үүрэгтэй. Аав гэж дуудах нэрийг өгсөн хүүхдийн төлөө нэг насны хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулах эрхэм үүрэг. Ээж байх ч ялгаагүй. Өнөөдөр хүүхдийн эрх, хамгаалал гээд ярьдаг ч үүрэг нь орхигддог. Хүүхдийн төлөвшил хүмүүжилд анхаардаггүй.

Энэ нь ёс зүйгүй төлөвшилттэй иргэнийг бүтээгээд байна. Гаднаас нь харахад өөлөх зүйлгүй боловч хүнийг хайрлах мөс чанаргүй, амьдрах ухааны боловсролгүй иргэдийг бэлдээд байна. Тэгэхээр боловсрол хүний амьдралд маш хэрэгтэй.

- Гэр бүл судлаач хүний хувьд Монголынхоо гэр бүлүүддээ хандаад уриалах, магадгүй сануулж хэлэх зүйл байвал хэлэхгүй юу?

-Гэр бүлийн харилцааг би урсгал голтой зүйрлэх дуртай. Хүмүүс ширгэсэн сайр хараад ямар гоё юм бэ гэж хэзээ ч хэлэхгүй. Энэ гол яагаад ширгэв, цэвэр усны нөөц багасаад байна даа гээд санаа зовж эхэлдэг. Ширгэсэн сайр шиг харилцаа бол хөндий харилцаа юм. Нөгөө талаараа үертэй голын дэргэд ямар гоё юм бэ гээд байж байдаг хүн байхгүй. Голоос хол байгаарай, эрэг нь нурна шүү л гэдэг биздээ. Тиймээс хүчирхийлэлтэй харилцаа үертэй гол шиг байдаг. Үүн шиг харилцаа бол бохирдсон харилцаа юм. Хог живсэн, гялгар уут, лааз, цаас урсаж буй голыг хараад гоё гэж хэлдэг хүн байхгүй. Хүн цэвэр тунгалаг хоржигносон урсгалтай голын хажууд суугаад тархи, нүдээ амраадаг. Ёстой гоё  амарч байна гэж хэлдэг. Хайр яг л ийм.

Энэ нь тогтмол харилцаа юм. Гэр бүлдээ тогтмол цаг гаргаж, ярилцах хэрэгтэй. Цаг гаргана гэхээр хамт байхыг хэлдэггүй, чанартайгаар харилцаж, бие биедээ зориулалт гаргаж харилцах нь тогмол харилцаа юм. Монголын маань бүхий л гэр бүлүүд бие биетэйгээ эрүүл харилцаатай, асуудлаа шийдэх чадамжтай, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, хүсэл тэмүүлэлтэй байгаасай. Бие биеээ хайрлах хайр нь дундрашгүй дүүрэн байгаасай гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.