Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2022.04.02 12:09
6795
Ж.Батсуурь АН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа

Ардчилсан намын даргын сунгаанаас албан ёсоор нэрээ татаж байгаагаа нэр дэвшигч Ж.Батсуурь мэдэгдлээ.

Тэрбээр, "Миний бие 2022 онд зарлагдсан Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж, Монгол орноо нар зөв бүтэн тойрон, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 1500 гаруй баг, хороодын Ардчилсан намын төлөөлөл болох 15000 гаруй гишүүдтэйгээ уулзалт хийж, “Булаалгасан боломжоо буцаан авчрах”, "Хүчирхэг ардчиллыг дахин бүтээх" мөрийн хөтөлбөрөө танилцуулан ажиллалаа.

Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны 03-р сарын 31-ний өдөр Монгол улсын дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. 

Бид 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилсан намын дүрмийн дагуу сунгаанд оролцож буйг та бүхэн мэдэж байгаа.

Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажиж гарах хүртэл Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, бидний саналыг хүлээн авсангүй. 

Иймд миний бие АН-ын даргын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Ардчилсан намын ШИНЭЧЛЭЛ, ЭВ НЭГДЭЛ, ИРЭЭДҮЙН төлөө энэхүү шийдвэрийг би гаргаж байна. Ардчилсан нам шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 оны сонгуульд ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө би энэ шийдвэрийг гаргаж байна.

АН-ын нийт гишүүд дэмжигчид, манай сонгуулийн штабын ажилтнууд, ажиглагчид, шат шатны сонгуулийн хороонд ажилласан бүхий л хүмүүст талархал илэрхийлье. Энэ цаг мөчөөс  аймаг, сум, баг, хороодод ажиллаж байгаа манай шат шатны сонгуулийн штабууд үйл ажиллагаагаа зогсоож байна.

Миний бие сонгуулиас нэрээ татсан хэдий ч сонгуулийн үед дэвшүүлсэн НАМАА ШИНЭЧЛЭН НЭГТГЭХ, ХҮЧИРХЭГ БОЛГОХ зорилтоосоо ухрахгүйгээр үл барам энэ үйл хэргийг манлайлан ажиллах болно" гэв.