Улс төр
2022.04.07 13:14
4897
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД АНХ УДАА ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Өнөөдөр “Монголын эдийн засгийн форум-2022” Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж байна.

Монголын эдийн засгийн форум нь тулгамдаж буй асуудлыг төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлэх зорилгоор анх 2010 онд байгуулагдаж байсан. Тэгвэл энэ жил анх удаа  ЖДҮҮ эрхлэгчдийн төлөөлөл энэ арга хэмжээнд оролцлоо. Өөрөөр хэлбэл ЖДҮҮ эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг, Монгол Улсын хамгийн идэвхтэй байгууллагуудын нэг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр энэхүү форумд оролцож, байр сууриа илэрхийлэх юм.

 

 “Монголын эдийн засгийн форум-2022” хоёр өдрийн турш зохион байгуулагдана.  Энэ жилийн хувьд Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

"Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.