Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.04.07 15:46
5767
Халтмаагийн Баттулгыг АН-ын даргаар ёсчлон батламжиллаа

Үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн журмын олон нөхдийнхөө итгэлээр Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах АН-ын ээлжит бус их хурал өнөөдөр албан ёсоор хуралдлаа.

Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1348 төлөөлөгч оролцсон юм. Улмаар хуралд оролцогчид нууцаар саналаа өгч, АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Х.Баттулгыг 99,9 хувийн саналаар намын даргаар батламжлах шийдвэр гаргалаа.

Тэрбээр Халтмаагийн Баттулга нь хэлсэн үгэндээ, "Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, үхээнц дорой байлгах хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бусармаг үйлдэл, санаархлыг сөрж Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд идэвхтэй оролцсон, итгэлтэйгээр саналаа өгсөн бүх гишүүдэд талархал илэрхийлье.
Та бүхний санал, идэвхи оролцоо нь Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон харуулсан. Ардчиллын бат цайз нь тамга тэмдэг биш үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг Та бүхэн тодоор батлан илэрхийллээ.
Та бидний гал, нар, сараа мөнхөлсөн Хөх тугийг бөхөөх санаархалд бид “үгүй” гэж хатуу хариуллаа. Та бид эв санааны нэгдэлтэйгээ нийгэмдээ баталж чадлаа" гэсэн юм.