Спорт
2022.04.11 17:29
20432
Б.Энхзул: Спортын замыг сонгож хичээллэсэн л бол шантрах эрх байхгүй

Чөлөөт бөхийн ОУХМ, Холимог тулааны спортын мастер, Хилчин спорт хороо,999 цог клубийн тамирчин Б.Энхзултай бэлтгэл сургуулилт, алс хэтийн зорилгынх нь талаар ярилцлаа.

 -Сайн байна уу? Анхны гэсэн тодотголтой бүхэн дурсамж дүүрэн байдаг. Анх ямар тэмцээнд орж медаль авч байв?

Сайн байна уу. Анх Хөх хотод зохион байгуулагдаж байсан чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байлаа . Тухайн үед манай улсаас 14 тамирчин оролцож байв. Тус тэмцээнд 38 килограммийн жинд  түрүүлсэн дээ. Түүнээсээ маш их урам зориг авсан. Тэгээд л бэлтгэлдээ шамдаж, зорилгоо томоор харах болсон.Чөлөөтийн бэлтгэлээ П.Чулуунбаатар багшийн удирдлага дор хийдэг.

-Та холимог тулаанаар хичээллэдэг шүү дээ. Тэгвэл барилдах тулалдах хоёрын ялгаа юу байдаг вэ?

Энэ хоёр спорт нь хувь хүнээс  маш их хичээл зүтгэл хөдөлмөр шаарддаг. Бөхөөр хичээллэхэд сурах зүйл олон бий. Тухайлбал мэдрэмж, мэхний гүйцэтгэл гээд.  Холимог тулааны хувьд гэвэл эрсдэл өндөртэй. Ямар нэг тэмцээнд орж тулалдахдаа гарын үсэг зураад л тулаандаа ордог. Тэр нь эрүүл мэндэд ямар ч асуудал гарсан гомдолгүй, харамсахгүй гэсэн утга агуулгатай.  

-Спорт  нь маш өрсөлдөөнтэй ялж ялагдахын үнэ цэнийг ихээр мэдрүүлдэг.  Тамирчин хүнээс ямар сэтгэл зүй шаарддаг вэ?

Өөртөө итгэх итгэл хамгийн  дээд цэгтээ өндөр байхыг шаарддаг.Бас тууштай байх ёстой. Тууштай байснаар л бэлтгэлээ сайн хийнэ. Өөртөө итгэлтэй байж амжилт гаргана шүү дээ.

 - Аливаа зүйлд унаж босох үе цөөнгүй тохиолдох нь бий. Шантрах үедээ өөрийгөө хэрхэн цэнэглэдэг вэ?

Дуртай зүйлээ хийж байгаа хүн аз жаргалтай, сэтгэл хангалуун байж  ямар ч бэрхшээл тохиолдсон даваад л гардаг. Ер нь шантарч байсан үе ховор доо.Спортын замыг сонгож хичээллэсэн л бол шантрах эрх байхгүй. Хэрвээ шантарвал ирээдүй маань утгагүй болно. Спорт гэдэг бол асар их хүндлэл.  Миний хувьд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эгчээс үлгэр дууриалал авдаг.

-Өнөөдрийн замналаасаа олж авсан төлөвшил хүмүүжил юув?

Хүн өсөж торнисон орчин гэр бүлээсээ суурь хүмүүжлийг олж авдаг гэж боддог. Манай эгч бас спортоор хичээллэдэг. Хоёулаа холимог тулаанаар хичээллэж, барилддаг. Тийм ч учраас их түшигтэй. Нэгэндээ зөвлөөд, ярилцаад ойлголцоод амар байдаг. Нэг талаараа их азтай. Аав ээж ах эгчээсээ үлгэр дууриалалыг нь харж сэдэл авдаг. Тамирчин болсноор   тэвчээр гэдэг зүйлийг сурсан.

-Амжилтанд нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?

Мэдээж хамгийн чухал зүйл нь бэлтгэлээ сайн хийх юм. Санхүүгийн дэмжлэг байдаг. Нэг тэмцээнд оролцохоор  өөр улс руу явлаа гэхэд зардал багагүй гарна. Үүний хажуугаар уураг витамин, хувцас гэх мэт. Гэр бүл нь ойлгож дэмждэг байх хэрэгтэй. Эгч бид хоёрын амжилтын ард аав ээж дүү маань байдаг.

- Бэлтгэл сургуулилтдаа ямар зарчим баримталдаг уу?

Бэлтгэлээ чанартай сайн хийхийг хичээдэг. Нэг бэлтгэл дээр заавал нэг алдаагаа засах, шинэ зүйл сураад гарах төлөвлөгөөтэй. Холимог тулаанаар тулалдахад чөлөөт бөхийн суурь маань надад давуу тал болсон. Тийм ч учраас бөхөөр хичээллэдэг хүмүүс холимог тулаанд амжилт гаргах өндөртэй юм байна гэж шийдсэн л дээ. Харин тулаан нь гараа сайн ажиллуулаад цохилтоо сурчихвал тийм ч хэцүү биш. Мэдрэмж өндөр шаарддаг.

- Манай уншигчидтай цаашдын зорилго, мөрөөдлөө хуваалцана уу?

Зорилго, төлөвлөгөө мөрөөдөл чухал зүйл билээ. Учир нь том мөрөөдөл тавьж өдөр бүр зорилгынхоо төлөөх хичээх нь  дэндүү  сайхан. Зорилготой хүн холыг харж, томоор сэтгэдэг. Одоогоор Холимог тулаанаа багш гэхээсээ илүү С.Билгүүн ахаасаа заавар зөвлөгөө авдаг.Удахгүй мазаалай клубд бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байна. Учир нь манай эгч тус клубд бэлтгэлээ хийж байгаа юм.  Дэлхийн аварга, олимпд орно гэж боддог.Мэдээж эх спортыг сонгосон тамирчдын  нэгэн  том зорилго бол олимпоос медаль авах билээ. Эх орныхоо нэрийг дуурсгаж, аав ээж багш, гээд дэмжиж тусалдаг дотны  хүмүүсийнхээ ачийг хариулна бас уйгагүй хөдөлмөрийн үр дүн гарна. Би олимпийн медалийг зорилгоо болгон бэлтгэлдээ шамдан хичээж байна. Мэргэжлийнхээ талаар мөрөөддөг зүйл гэвэл анхны эмэгтэй генерал болох байсан юм. Гэвч эмэгтэй генерал төрчихсөн. /инээв/