Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.04.16 16:24
9200
“С.Эрдэнийн зарласан хуралд АН-ын ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь оролцоогүй тул залилангийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулна”

С.Эрдэнийн зарласан хуралд АН-ын ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь оролцоогүй тул залилангийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулна гэв. 

УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан: "Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурал хуралдаж байна гэх худал мэдээлэлтэй холбогдуулаад бид та бүхэнд бодитой мэдээллийг хүргэж байна. Ардчилсан намын Онц Их хурал хуралдаж ҮБХ-ын гишүүдээ баталгаажуулсан хамгийн сүүлд 2022.04.07-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Их хурлаас Их хурлын бүрэн эрхийг Их хуралд зөвхөн үлдээх шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ҮБХ хуралдахгүй гэсэн шийдвэр гарсан. Тиймд өнөөдөр албан ёсоор Ардчилсан намаас зарлан ҮБХ-г хуралдуулаагүй гэдгийг мэдэгдье. Өнөөдөр хуралдаж байгаа гэх хуралд манай ҮБХ гишүүд хэрхэн оролцож байгаа вэ гэдгийг бүх аймаг, дүүргүүдтэй, ҮБХ-ны гишүүдтэйгээ нэг бүрчлэн холбогдлоо. Ингэхэд ҮБХ-ны гишүүдийн маань 91.7% нь оролцоогүй гэдгээ илэрхийлж байна.

Жишээлэхийн бол орон нутгаас Архангай аймаг 15 ҮБХ-ны гишүүдээс 13 нь холбоо барьсан бөгөөд хуралд оролцоогүй гэдгээ илэрхийлсэн. Баян-Өлгий аймаг 14 ҮБХ-ны гишүүдээс 11 нь оролцоогүй. Баянхонгор аймаг ҮБХ-ны 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Булган аймаг 8-аас 8 оролцоогүй. Говь-Алтай 8-аас 7 оролцоогүй. Дорноговь, Говьсүмбэр аймаг 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Дорнод аймаг 10 гишүүнээс 9 нь оролцоогүй. Дундговь аймаг 7 гишүүнээс 7 оролцоогүй. Завхан аймаг 9 гишүүнээс 7 нь оролцоогүй. Өвөрхангай аймаг 15 гишүүнээс 15 оролцоогүй. Өмнөговь 10-аас 10 гишүүн оролцоогүй. Сүхбаатар 8-аас 8 гишүүн оролцоогүй. Сэлэнгэ аймаг 15 гишүүнээс 13 оролцоогүй. Төв аймаг 14-өөс 13 оролцоогүй. Увс аймаг 14-өөс 14 оролцоогүй. Ховд аймаг 15 гишүүнээс 11 нь оролцоогүй байна. Хөвсгөл аймаг 17 гишүүнээс 15 нь оролцоогүй. Хэнтий аймаг 15-аас 14 оролцоогүй. Дархан-Уул аймаг 15-аас 11 гишүүн оролцоогүй. Орхон аймаг 15 гишүүнээс 14 нь оролцоогүй гэсэн мэдээллийг ҮБХ-ны гишүүд маань өглөө.

Тэгэхээр орон нутгийн 21 аймгийн 249 ҮБХ-ны гишүүдээс 223 гишүүн энэ хуралд оролцоогүй гэдгээ илэрхийллээ. Нийслэлээс 134 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр нийт ҮБХ-ны гишүүдийн 357 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр энэ хуралд оролцоогүй гишүүдийн тоо 91.7%-д хүрч байна. 

 Өнөөдөр буюу 2022.04.16-ны өдөр Ардчилсан намаас ҮБХ-ны хурал зарлаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын ҮБХ-г зарлан хуралдуулахаар болсон байна. Гэтэл уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг болох 30 нэгжийн төлөөлөл болсон ҮБХ гишүүд хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Үүнийг ҮБХ-ны гишүүд өөрсдийн тойрог, тойргоосоо мэдээлсэн бөгөөд уг дүнг Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мэдэгдэл хийж ҮБХ гишүүдийн 91.7% нь энэ хуралд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна." 

Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш: ҮБХ-г зарлан хуралдуулах эрх бүхий 3 субьект байдаг. Намын дарга, Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны гишүүдийн гуравнб нэгээс дээш хувь нь зөвшөөрснөөр хуралдуулах эрхтэй болдог. Тиймд албан ёсоор ҮБХ хуралдаагүй гэж үзэж байна. 2021.01.10-ны өдөр намын бүртгэлээс С.Эрдэнийг 8 жилийн хугацаатай хассан бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар намын дарга биш, ҮБХ-г хуралдуулах эрх бүхий этгээд биш иргэн С.Эрдэнэ болсон үг юм. Ингэж хууль бус үйл ажиллагаа хийж түүнийгээ хурал цуглаан болсон мэтээр сошиалаар тарааж байна.  

УТЗ-ийн гишүүн Б.Түвдэндорж: Манай намын удирдах дээд байгууллага их хурал учир Их хурлыг хуралдуулаад нээлттэй орхисон тохиолдолд ҮБХ хуралдах эрхгүй. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 90 гаруй хувь нь энэ ҮБХ-ны хуралд оролцоогүй мөн зарлаагүй. Мөн сая хэлсэнчлэн ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь тус хуралд оролцоогүй байна. Мөн гуравны нэгээр зарлаж хуралдуулаагүй байхад шууд хуралдуулсан байна. ҮБХ-г хуралдуулах бүх эрх бүхий байгууллагууд хуралдуулах шийдвэр гаргаагүй тул энэ нь хүчин төгөлдөр бус хурал болохыг мэдэгдэж байна.  

Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга Ц.Одонтунгалаг: Нийслэлийн 9 дүүрэг дэх 148 ҮБХ гишүүдийн 134 нь ҮБХ-ны гишүүдийн хуралд оролцоогүй гэсэн дүн мэдээ ирсэн байна. Өнөөдрийн байдлаар УДШ дээр Ардчилсан намын дарга албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Энэ тохиолдолд АН-ын үндсэн дүрмээр ҮБХ-ны нийт олонхийн саналаар ҮБХ-г зарлан хуралдуулдаг байгаа. Нийт ҮБХ гишүүдийн 91,7% нь оролцоогүй байхад энэ хурал хүчин төгөлдөр биш гэдгийг мэдэгдэж байна. Мөн хуурамчаар ирц бүрдүүлэн оролцсон байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бейсен өөрсдийн биеэр болон цахимаар оролцоогүй байхад оролцсон мэтээр хуурамч ирц бүрдүүлсэн нь өөрөө хууль бус ҮБХ-ны хурал болохыг баталж байна.