Улс төр
2022.04.19 21:24
5725
Н.ГАНИБАЛ ГАЗРЫН ТОСНЫ ХООЛОЙН ТАЛААР ШАДАР САЙДАД АСУУЛГА ТАВЬЛАА

УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Асуулга тавьсан байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгана” гэж заасан байдаг.   Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани гүйцэтгэж байгаа юм.



Н.Ганибал асуулгынхаа эхэнд “Стратегийн бүтээгдэхүүн болох түлш, шатахууныг дотооддоо үйлдвэрлэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээг багасгаж, улмаар эдийн засгийн хувьд бусад орноос хараат байдлыг бууруулж, гадагшаа гарч буй их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэн, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэвч Монгол Улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих шаардлагатай байна” хэмээн дурдаад дараах мэдээллийг хүссэн байна. Үүнд:

1. Тамсагийн талд хэдийнэ илэрсэн газрын тосны ордуудыг бүрэн ашиглалтад оруулж, олборлолт хийлээ гэхэд тухайн бүс нутаг дахь эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй. Тэгвэл эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар,
2. Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэдхадгалах агуулах хангалтгүй байгаа талаарсалбарынхан нь мэдээлэл өгсөн. Тэгвэл агуулахшинээр барьж, ашиглалтад оруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар,  
3. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар:
Дотоодын түлш, шатахууны хэрэгцээний хэдэн хувийг хангах талаар,
Гадагш гарах валютын урсгалыг хэдэн хувиар бууруулах талаар,
Дотоодын нийт бүтээгдэхүүн болон улс, орон нутгийн төсвийн орлого хэдэн хувиар өсөх талаар,
Газрын тосны үйлдвэр болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд нийт хичнээн ажлын байр шинээр бий болох талаар,
4. Үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох түүхий газрын тос дамжуулах хоолой, 27 км салаа төмөр зам, 18,2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 17,5 км хүнд даацын автозам мөн ажилчдын хотхон байгуулах үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж байгаа. Эдгээрээс хамгийн том хөрөнгө оруулалт шаардагдаж буй бүтээн байгуулалтын ажил болох “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн Техник эдийн засгийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл,
5. Дээрх төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад хичнээн улсын хэдэн компани оролцсоноос БНХАУ-ын “NORINCO International Cooperation” ХХК-ийг ямар үнэдслэлээр сонгон шалгаруулсан талаар,
6. Тус компани нь газрын тос дамжуулах хоолойг 397 сая ам.доллараар барих үнийн санал өгсөн бөгөөд үүний 90 хувийг компаниасаа гаргаж, оруулсан хөрөнгө оруулалтаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсээр тооцон буцаан авах гэрээ хэлцэл хийгдэж байгаа талаар мэдээлэл байна. Тэгвэл барилгын ажлын төлбөрт нийлүүлэх нүүрсний үнийг хэдээр тооцох гэж буй, энэ нь олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж буй эсэх талаар,
7. Хоолойгоор 560 км зам туулан үйлдвэрт нийлүүлэгдэх газрын тосны тээвэрлэлтийн өртөг хэд болох талаар /шоо метр тутамд/ тус тус дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн ирүүлнэ үү гэжээ.