Баялаг бүтээгч
2022.04.28 17:06
2605
Гэр хороолол дахь эрчим хүчний хэмнэлттэй, эко хотхон ашиглалтад орлоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Дэнжийн 1000-ын гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоныг ашиглалтад оруулж оршин суугчдад түлхүүрийг нь гардууллаа.   (2022.04.28)

1000 метр квадрат талбай бүхйи 7 айлын хувийн орон сууцны хотхоныг “Hybrid House” компани хийж гүйцэтгэжээ. “Hybrid Town” хэмээх нэртэй хувийн орон сууцны тус эко хотхон нь -40 хэм хүртэл хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүй өвөлжих боломжтой. Тус эрчим хүчний хэмнэлттэй хотхон нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг шингээн халаах технологиор баригджээ. 

Иргэд 100-140 м.кв өмчлөлийн газрыг худалдан авч урьдчилгаа 7,8 сая төгрөг төлөөд “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн төслийн хүрээнд 18 сая төгрөгийг төлүүлснээр үлдсэн 52 сая төгрөгийг арилжааны банкны ногоон зээлд хамруулан сардаа 490-630 мянган төлөөд 60 м.кв ашигтай талбай бүхий хувийн орон сууцтай болох боломжтой байна. Энэхүү хувийн орон сууцны хотхоныг “Hybrid House” компани, “ТОСК” ТӨХК,  ТОС, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тус хотхоны оршин суугчид хүнсний ногоогоо тарих өвлийн хүлэмжтэй, айл бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар төлөвлөгджээ.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг олноор барьснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжтой болохыг “ТОСК” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал онцлон тэмдэглэж, нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо.