Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2022.04.28 17:24
23133
Э.Тунгалаг: Хүмүүс ярих ур чадварыг гоё ганган, уран цэцэн үг хэлчихвэл болчихно гэж ойлгоод байдаг

Энэ удаагийн ярилцлагын зочноор лектор зөвлөх багш Э.Тунгалагтай ярих чадварын тухай ойлголт, хэрхэн суралцаж, хөгжүүлэх талаар ярилцлаа

-Таны хувьд цахим орчноор дамжуулан олон сургалтыг хүргэдэг. Ярих ур чадварыг эзэмшиж байсан түүхээс ярилцлагаа эхлэе гэж бодлоо.

Олон нийтийн өмнө ярих айдастай хирнээ энэ чадварт дуртай болчихсон мэдрэмж байгаа юм. Би бол эмээгийн хүүхэд. Бага байхад өвөр дээрээ суулгаад мөрөөдлийг маань  яриулдаг байсан. Бүх сайхан мөрөөдлөө ярьж дуусахад намайг шагнаад авдарнаасаа чихэр авч идэх эрх өгдөг байв. Дандаа л юм ярьж явдаг, их яриа хүүхэд байсан даа. Эмээгээрээ үлгэр яриулж унтдаг хүүхэд байлаа. Ярих ур чадварын айдсын тухай ярихад хүүхэд насны дурсамж руу орох зайлшгүй шаардлагатай болдог. Энэ явцад өөрийнхөө хүүхэд насыг танин мэдлээ.  Миний өсөж торнисон орчноос өнөөдрийн энэ хийж байгаа зүйлийн суурь тавигджээ. 2012 онд Монголын лектор төвд суралцсан.Тус төв нь Ярих ур чадварын гүнзгий төвшинг эзэмшиж олон нийтэд лекц унших эрх бүхий ур чадвартай боллоо гэдэг зөвшөөрлийг өгсөн. Ингээд би өөрийгөө лектор боллоо гэж хэлж зүрхлээгүй. Үргэлж  л ур чадвараа хөгжүүлсэн гэж ойлгож болно.

-Олны өмнө гараад илтгэл, сургалт тавихад өөртөө итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?

-Мөр цэх бай,  харцны төвшин алсад танхимийн өнцөг булан бүрийг алсуур харах хэрэгтэй. Өөртөө итгэх итгэл сайн анзаарвал ярианы эхэнд нэг минут орчимд л чамайг зовоодог. Энэ нь богино хугацаанд үүсдэг зүйл байгаа. Миний хувьд гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун аливаа яриа, сургалт руу ордог. Гоё ганган байгаарай гэж байгаа юм биш. Өөртөө ая тухтай, чөлөөтэй хувцас, дүр төрхтэй байх чухал шүү. Яриагаа эхлэхдээ инээмсэглэж эхлэх. Мэндлэх талархах нь айдсаа даван туулж хугацаа хожих арга.

-Хүн бүрийн ярих ур чадвар харилцан адилгүй. Ярих чадвар нь сайн хөгжсөн хүмүүс бусдад  нөлөөлөх чадвар сайтай  байдаг. Энэ талаар?

-Ярих ур чадвар гэдэг зүйл бол  ямар үг сонгох вэ, ямар дарааллаар ярих гээд ерөнхий зүйлүүд бий. Үүний том хүрээ нь нөлөөлөх чадвар юм. Нөлөөллийг 100 хувь гэж авч үзвэл  дотроо биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө, үгийн сонголт гээд гурван зүйлтэй. Хүнд сайн нөлөөлөе гэж бодвол мэдээж харилцаа буюу яриагаараа нөлөө үзүүлж шийдвэр гаргуулж, хүлээн зөвшөөрүүлж эсвэл санаа бодлоо солилцох гэх мэт харилцаа бүр зорилготой.

Ярих урлагийн 55 хувь нь биеийн хэлэмж өөрөөр хэлбэл харагдах байдал юм.38 хувь нь дуу хоолойныы өнгө, хэлж байгаа үгээ бусдад нөлөөлөхүйц дуу хоолойны өнгө, биеийн хэлэмжээр амилуулж хэлбэл  үг илүү үнэ цэнэтэй болж хувирна. Шууд утгаараа ярих ур чадвар сайтай хүн орчин нөхцөлдөө өөрийнхөө харилцааг удирддаг болж чадна.

-Хүмүүсийн түгээмэл ойлголт нь мэдлэг сайтай байж сайн ярина гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Ер нь санал нэг байна. Учир үгийн сонголт нөлөөллийг нэмнэ.Үг өөрөө чадалтай чансаатай товч тодорхой, мэдэж сурсан зүйл нь өргөн хүрээнд байх тусам өөртөө итгэлтэй болно. Маш сайн уншдаг байх хэрэгтэй. Хүмүүс ярих ур чадварыг гоё ганган, уран цэцэн үг хэлчихвэл болчихно гэж ойлгоод байдаг. Үг сонгодог, хэрэглэдэг болохын тулд маш их уншиж судалсны дараа тэр үг эмх цэгцэд ордог. Тийм ч учраас ярих ур чадварыг мэдлэгтэй холбож ойлгох хэрэгтэй. Мэдлэг хуримтлагдаад хүмүүст хуваалцах цаг болоход үүсэж бий болдог ур чадвар юм. Тус чадварыг гүнзгийрүүлэн хүндрүүлж ойлгохоос илүүтэй энгийнээр ойлговол зохистой. Үг хэлэх бүрт хөгжиж байдаг чадвар бол ярих урлаг билээ.

-Хувь хүн өөрийн ярих чадвараа хөгжүүлэхийн тулд сургалт дамжаанд хамрагдахгүйгээр бие даан суралцах боломж хэр байдаг вэ?

-Заавал сургалтад суухгүйгээр эзэмшиж болно. Хамгийн түрүүнд яриандаа тодорхой дараалал ашиглах хэрэгтэй. Байнга ашиглаж болохгүй байгаа зүйлийг анзаарах хэрэгтэй. Заримдаа сайн найзтайгаа өглөө зурвасаар мэндлээд уулзахдаа мэндлэхгүйгээр шууд яриагаа эхэлдэг. Өөрөөр хэлбэл яриа нь эхлэл өрнөл төгсгөлтэй байна гэж төсөөлөх ёстой. Хүнд бүх эрхтэн бүрэн байж хүн эрүүл, бүрэн бүтэн харагддаг. Тиймээс ярианы эхлэл хэсэг дээр заавал мэндэлнэ. Ярьж байх үедээ би юу ярих уу гэдэг дээрээ төвлөрчих гээд байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүнд ийм л юм ойлгуулна гээд. Гэтэл миний ярьж буй зүйл сонирхолтой байж тэр хүнийг уйдаахгүй шүү дээ. Үүний тулд зорилгоо түрүүлээд тавих ёстой. Харилцаж байгаа хүмүүсээ магтах сайшаах хэсэг. Түүний дараа гол санаагаа хэлэх юм. бид нар олон зүйлийг богинохон хугацаанд ойлгуулах гээд дуржигнадаг.Богино хугацаанд олон зүйлийг ойлгуулах яриа өөрөө  чухал биш олж хувирдаг.  Нэгж хугацаанд ойлгуулах гэсэн зорилгынхоо тоог гурав дотор барих нь зөв. Тэгвэл яриа товч тодорхой цэгцтэй болно. Төгсгөл хэсэгт яриа өндөрлөж байгааг дуу хоолойнхоо өнгөөр илэрхийлж болдог. Өмнө хэлсэн санаануудаа товч дүгнэх хэрэгтэй. Үүнээс хүн яриагаа өндөрлөж байна даа гэж ойлгоно.

-Ярих ур чадварын талаарх хэлэхийг хүсдэг зүйлээ уншигчдад хуваалцвал?

-Ярих ур чадвар бид нараас хол зүйл биш. Хэлд орохоос өмнө аав ээжийнхээ биеийн хэлэмжийг таньж хариу үйлдэл үзүүлдэг нялх балчир наснаас төлөвшиж байдаг. бидний оролцоогүй таньж мэдэхгүй ертөнц мэдрэмжийг  мэдрүүлж байдаг. дохионы хэл биеийн хэлэмжийг таньж хариу үйлдэл үзүүлдэг. Ертөнцийг харах цонх хэр том байгаагаас, зорилгоос хамаарч асуудалд хандах хариу үйлдэл илэрхийлэгддэг. Таны сэтгэл хэчнээн их бялхам байгаагаас хамааран танаас гарах үг сэтгэл татам болж хувирдаг. Тиймээс ярих ур чадвар богино хугацаанд мэдлэгүүдийг авч насан туршдаа хөгжүүлж болдог цорын ганц сонирхолтой ур чадвар. Дүр төрх мэдрэмж, хайр дурлал бүтэлгүй болох гэх мэт зүйлүүдэд ярих ур чадвар өөрчлөгдөж байдаг. цаг ямагт ур чадвараа сонирхолтойгоор сониучаар харвал хөгжиж чадна. Асуудал мэтээр бул чулуу болговол улам бүрэг дуугүй, мэдрэмжээ нуусан нэгэн болж хувирна. Хүн бүрт хүмүүст хүндлэгдэх нууцхан хүсэл байдаг.

   Б.Нямсүрэн