Эдийн засаг
2022.04.28 18:11
3117
Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтөд гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна

Монголын бизнесийн зөвлөл бүх гишүүддээ зориулсан сар бүрийн ээлжит уулзалтаар "Монгол Улсын Худалдаа, Тээвэр, Логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд цаашдын гарц гаргалгаа" сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж байсан цар тахал тодорхой хэмжээгээр намжсан ч, геополитикийн хүндрэлтэй асуудлууд залган гадаад худалдаа, тээвэр логистик, түүнчлэн эдийн засагт сөргөөр нөлөөлж хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт учруулж байна. 

Өнөөгийн байдлаар Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Тяньжин, Эрээн боомтод олон мянган тооны чингэлэг гацаж, Орос Украйны дайны улмаас Европоос ирэх ачаа бараа саатаад байна. Уг хүндрэлийн голлох шалтгаанаар гадаад нөхцөл байдал нэрлэгдэж буй ч манай улсын тээвэр, логистик, худалдааны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого хангалттай сайн байгаагүйтэй холбоотойг Монголын Бизнесийн зөвлөлөөс илэрхийлж байгаа юм. 

Монгол орны гадаад худалдааны эргэлт эрчимтэй өссөөр 2021 онд 16,1 тэрбум ам.долларт хүрч, 2000 оныхоос 16 орчим дахин нэмэгджээ. Мөн 2017 оны байдлаар ДНБ-ий 55 хувийг эзэлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг гадаад худалдаанаас хэт хамааралтай эмзэг эдийн засагтай болсныг харуулж байгааг Монголын бизнесийн зөвлөлөөс онцолж байгаа юм. Жишээлбэл цар тахлын улмаас эрдэс бүтээгдэхүүн буюу цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, жоншны экспортын хэмжээ 2022 оны эхэн үед өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад эрс багасжээ. Зэсийн баяжмал 26 хувь, нүүрс 75 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Зөвхөн зэсийн баяжмал, алт, нүүрсний экспорт улсын нийт экспортын 86 орчим хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн гадагш урсах валютын зардал жилээс жилд өсөн нэмэгдэж импортын бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай болсон нөхцөл байдал нь эдийн засагтаа эргээд дарамт үүсгэх хэмжээнд хүрснийг судлаачид онцолж байна. Өнөөдрийн үнийн өсөлтийн 50,9 хувь нь импортын барааны хязгаарлалтын улмаас үүссэн гэсэн статистик байна. 

Хоёр сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд болсон тус уулзалтын эхний хэлэлцүүлэг "Монгол улсын тээвэр логистикийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын шийдэл, чиг хандлага" сэдвийн хүрээнд өрнөж "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв"-ийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн "Монгол Улсын тээвэр, логистикийн салбарт тулгарч буй асуудал" сэдэвт илтгэл тавьлаа. Тус хэлэлцүүлэгт Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Гадаад Харилцааны Яамны Хөрөнгө оруулалтын судалгааны мэргэжилтэн Э.Есүхэй, Азийн хөгжлийн Банкны бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал, Монголын Логистикийн Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхболд, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны тээврийн асуудал хариуцсан менежер Ж.Аюуш нар оролцлоо. 

 

Хоёр дахь хэлэлцүүлэг "Цар тахал, геополитикийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гадаад худалдаанд тулгарч буй бэрхшээл, цаашдын гарц гаргалгаа" сэдвийн хүрээнд боллоо. Тус хэлэлцүүлэгт МонголБанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Гадаад Харилцааны Яамны Гадаад худалдаа, Эдийн засаг хамтын ажиллагааны газрын захирал Г.Өнөрсайхан, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, "Таван Богд Интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Болорбат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Батнасан нар панелистаар оролцсон юм.