Нийслэл
2022.05.04 18:18
2299
Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулна


Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллалаа.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 2021 онд зорилтод бүлгийн нийт 14182 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Харин энэ онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, судалгаанд хамрагдах нэн шаардлагатай 2000 орчим өрхөөс судалгаа авсан байна. Улмаар журмын болзол хангасан өрхийн гишүүн, иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулаад байгаа аж.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар энэ онд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 4484 иргэнийг ажлын байраар хангахад анхаарч байна. Тэгэхдээ эдгээр иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгохоор  зорьж байна. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн талаарх судалгааг гаргаж, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран өдрийн үйлчилгээнд хамруулж, эцэг эхийг  нь ажилд зуучлах, мэргэжлийн чиг  олгохоор төлөвлөжээ.  

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд бүх дүүргийн иргэдийг тэгш хамруулах, халамжийг зөв хүнд нь хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг гэрээр үзүүлэх, хүнсний талоныг олгохдоо зорилтод бүлгийн иргэд, өрхийг хамруулах, соён гэгээрүүлэх ажлууд зохион байгуулах зэрэг саналыг хэлж байлаа.  

Түүнчлэн  нийслэлийн хэмжээнд 155.971 ахмад настан байгаа бөгөөд тэжээн тэтгэх хүнгүй, ганц бие 842 хүн байна. Тэгвэл Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Хан-уул дүүргийн 8 дугаар хороонд 200-250 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай “Ахмадын төрөлжсөн асрамж” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг төслийг нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороон гишүүд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тус газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын асуудлаар бодлогын зөвлөмж боловсруулахаар санал солилцсон юм.