УИХ
2022.05.07 16:09
3161
Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөлөлтэй санал солилцох анхны уулзалт боллоо

Энэ сарын 6-нд УИХ-ын гишүүн Н.Учрал мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж тус хуулийн төслийн хэрэгцээ, эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Холбоодын зүгээс хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал, олон талт байгаа учраас тухайн хуулийг яаралтай батлуулж, хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт уламжиллаа.
2019 онд УИХ-ын гишүүн Н.Учрал Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж улмаар УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Тус хуулийн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлж төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах харилцааг зохицуулахаар тусгасан. Тодруулбал аливаа салбарын хэмжээнд олон холбоод биш зөвхөн нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулж оноосон нэрний ард “МНХ” гэх тодотголыг авахаар заасан. Төрийн бус байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь нээлттэй ч төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэх зохицуулалтыг хуульд тусгасан.
Салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр төрийн чиг үүргийг илүү мэргэжлийн түвшинд хүргэхэд түлхэц болох боломжийг нэмэгдүүлэх, төсөвт ачаалал үүсгэхгүй байх цаашилбал зарим нэг үр ашиггүй зардал, орон тоог бууруулах боломж бололцоо тус хууль батлагдсанаар бүрдэнэ гэж үзэж байгаа юм.