Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ
2022.05.10 15:15
4956
Б.Саранчимэг: Хувь хүн өвдөхгүйн тулд хүссэн витаминаа оруулж ирэх боломжийг яагаад нээхгүй байна вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд тус сангийн үйл ажиллагаатай болон бусад асуудлыг тодрууллаа. Тухайлбал, хувь хүн иргэн хил гаалиар витамин оруулж ирэхэд бэрхшээл учрах болсон. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Хүн өвдөхгүйн тулд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл нэмэлт бүтээгдэхүүн авах гэхээр хууль эрх зүйн орчин саад учруулаад байна. Хүн болгон дураараа эм, витамин авч болохгүй гэж ЭМ-ийн сайд тайлбарлаад байгаа. Өнөөдөр яагаад хувь хүн витаминаа өөрөө авах боломжийг бүрдүүлж өгч чадахгүй байгаа юм бэ.   УИХ-аас Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг дэмжиж, цар тахлын хуулиар энэ салбарынханд маш том эрх мэдэл олгоод байхад хувь хүн хүссэн витаминаа хилээр оруулж ирэх боломжийг яагаад нээж өгөхгүй байна вэ. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа: Хувь хүний витамины хэрэглээг бол зөвшөөрнө. Харин оруулж ирээд худалдан  борлуулах бол зайлшгүй тусгай зөвшөөрөл шаардана. Витамин бол биологийн идэвхит бүтээгдэхүүнд орж байгаа.  Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар гаалиар хувь хүн витамин хилээр оруулж ирэхийг хориглосон гэх заалт байгаа. Харин шинээр оруулж ирэх гэж байгаа хуульд хувь хүний хэрэглээний асуудлыг тусгахаар ажиллаж байна. Гэхдээ тухайн хувь хүн өөрөө эмчилгээ, заалтаар, үнэхээр зайлшгүй хэрэгтэй бол эмчийн заалтаар болж байгаа" гэсэн юм.