Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2022.05.10 20:05
6299
АН-ын 330 сумын намын дарга нарын шаардлагаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцлээ

 УИХ дахь АН-ын бүлгийн даргыг огцруулах ажил өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлсэн. Бүлгийн гишүүдийн олонхи бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах саналтай байгаа ч УИХ-ын дарга УИХ-ын чуулган дээр танилцуулаагүй гэдэг шалтгаанаар тэрээр бүлгийн дарга хэвээр, бүлгийн гишүүд эсэргүүцэж, хуралдаа суухгүй байгаа юм. Тэгвэл түүнийг бүлгийн дарга байх эсэхийг 330 сумын намын даргын шаардлагаар  ойрын өдрүүдэд эцэслэх нь бололтой. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах асуудлыг сумдын АН-ын дарга нар шаардаж, тэр дагуу  хэлэлцэж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт намын бүлгийн хурлаар хаалттайгаар энэ асуудлыг хэлэлцэж, сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа хамгийн өндөр ирцтэйгээр буюу 99 хувийн ирцтэйгээр саналаа хэлж, бүлгийн үйл ажиллагааг дүгнэсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй асуудлыг нээлттэй үлдээсэн юм.  Тус нам нь дотроо хоёр хуваагдсан гэж яригдаж байгаа ч анхан болон дунд шатандаа нам нэг талдаа байгаагаа харуулан улс орон даяар өчигдөр Ардчилсан Намын бүх гишүүдийн Онц хурал болсон юм. Энэ үеэр АН-ын Бүлгийн даргаар Д.Ганбат ажиллах ёсгүй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлсэн байна. Харин Д.Ганбат өөрийгөө "Би жинхэнэ бүлгийн дарга, намайг хэн ч огцруулж чадахгүй. Тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Би ажлаа хийж байгаа" гэж мэдэгдээд байгаа юм.