Боловсрол
2022.05.12 19:48
5959
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт инноваци хөгжүүлэх боломж, шийдэл-2022 форум боллоо

-ЖДҮҮ салбарт нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой инновацийг нэвтрүүлэх нь форум зохион байлагдлаа-

Нийслэлийн засаг даргын тамгын газар, жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Экспорт олон улсын худалдааны төвөөс Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инноваци хөгжүүлэх боломж шийдэл форумыг анх удаа зохион байгууллаа.

Манай улсын ЖДҮҮ салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18,7 хувийг эзэлдэг. Экспортын бараа бүтээгдэхүүний 2,4 хувийг эзэлж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг ч эдийн засгийн бүтээмж үр ашгийн хувьд хангалтгүй байгаа юм.  Одоогоор ЖДҮҮ-ний салбарт бүртгэлтэй 178 ААН байгаагаас 56 мянга нь үйл ажиллагаагаа тасалдалгүй авч явж байна.  

Форумд “ЕБС-ийн сурах бичиг болон соёлын салбарт VR, AR технологийг ашиглах нь”, “Хог хаягдлыг дахин боловсруулж, мод суулгацын бортого үйлдвэрлэл”, “Автомашины элэгдсэн дугуйг дахин ашиглаж зах зээлд нэвтрүүлэх”, “Хог хаягдлыг /хуванцар, лааз, цаасан хаягдал/ худалдан авах автомат машин”, “Хонины ноосоор органик бордоог дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх” зэрэг сонирхолтой төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

ЖДҮҮ салбарт инновац хөгжүүлэх боломж шийдэл форум нь салбарын бизнес эрхлэгчдэд сургалт зөвлөгөөг түлхүү өгөх зорилготой.

Тухайлбал ЕБС-ийн сурах бичиг болон соёлын салбарт VR, AR технологийг нэвтрүүлэх нь хэлэлцүүлэгт:

Хэлэлцүүлэгт “Рубик ЭйАй” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Хатанзоригт, “Фибо Клүд”-ийн хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр, Фаро Фоундишн монголиа ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Номин-Эрдэнэ, “Оюунлаг” сургуулийн VR хөтөлбөрийн багш, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн дизайны багш Б.Цэрэндулам нар оролцож технологийн дэвшилтэт сургалтын хэрэглэгдэхүүнийн онцлог, ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр соёлын салбарт тэр дундаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээнд VR технологийг ашиглах, сургалтын байгууллагад VR технологийг ашиглах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үү зэрэг форумд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Үзэсгэлэнд оролцогч “Рубик ЭйАй” ХХК-ийн үүсгэн байгуулагч Үл хөдлөх хөрөнгийг хиймэл оюун ухааны (AI) тусламжтай зах зээлийн мэдээллийн сан дээр суурьлан оновчтой үнэлэх, хэрэглэгчийн оруулсан үнийн дүнд таарах орон сууцыг санал болгох загвар болон хүний хийдэг хэцүү төвөгтэй ажлыг хялбаршуулах бусад технологийн шийдлийг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нарт танилцуулав. 

Энэхүү форум нь олон улсын стандартад нийцсэн, дотоодоос түүхий эд материалаа авдаг, бүтээгдэхүүн үйлчилгээндээ шинэ технологи инноваци нэвтрүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдах юм.  

Форумд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын инноваци шинэ технологийг нэвтрүүлсэн 10 аж ахуй нэгж үзэсгэлэн гаргаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Дээрх аж ахуйн нэгжүүдийн инноваци, шинэ технологийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхэд дөхөм болсон шийдэл бүхий үйлчилгээтэйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт Инновац хөгжүүлэх боломж шийдэл форум, үзэсгэлэнд нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбараас 137 аж ахуйн нэгж мэдээлэл, төслөө илгээснээс дээрх шалгууруудыг хангасан ЖДҮҮ шалгарсан байна.  

Тодруулбал Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний бүтээгдэхүүн нь нийгэм эдийн засгийн ач холбогдолтой байх нь чухал шалгуур болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

Үзэсгэлэнд:

Хэзээ ч хаанаас ч суралцах боломжтой www.eschool.mn

Виртуал технологийн www.uptech.mn

Сууц өмчлөгчдийн холбооны Цахим СӨХ платформ www.esukh.mn

Зөөврийн Powerbank түрээсийн үйлчилгээ www.hicharge.mn

Хиймэл Оюун ухаан хөгжүүлэгч www.RubickAI.com

Технологийн олон талын мэдлэг олгох Шимт www.facebook.com/shimtedu 

AR технологийг сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичигт нэвтрүүлсэн www.facebook.com/ARMongolia

оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татаж байлаа.

 

Цаашлаад инноваци шинэ технологийг нэвтрүүлж байгаа старт ап-гарааны бизнесийг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалтыг татаж үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад төр хувийн хэвшлийн хүрээнд  дэмжихэд энэхүү форумын чиглэгдэж байгааг Нийслэлийн жижиг, дунд үйлвэрлэл үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн онцоллоо.

Энэ салбарын 70-80 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч байдгаараа онцлог салбар. Мөн Цаашид ЖДҮҮ салбарынхан нэгдэж бүтээгдэхүүнээ экспортод гаргах, экспортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нь чухал гэдгийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолж байв.

Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 100 мянга гаруй гишүүд дэмжигчтэй "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" инноваци шингээсэн монголын анхны уншдаг, үздэг, сонсдог ухаалаг номоо "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инноваци хөгжүүлэх боломж, шийдэл 2022" хэлэлцүүлэг, үзэсгэлэнд оролцогчдод танилцуулж дурсгалаа.

Тус холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Өнөөдрийн цаг үед ямар ч аж ахуй нэгжүүд жижиг, дунд, том аж ахуй нэгж бүгд л инноваци хийхгүй бол болохгүй болчихсон  цаг үе ирээд байна. Яагаад гэвэл өнөөдөр бид нар дижитал эрин үед амьдарч байна. Ковидын өмнөх үе рүүгээ хэзээ ч очихгүй. Тэгэхээр бид нар бизнес моделио өөрчлөх ёстой. Бүх юмыг инноваци, шинэ технологи руу шилжүүлэх ёстой. ЖДҮҮ салбарт бид нарыг олон шинэ боломж, шинэ сорилтууд хүлээж байна." хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. 

Цаашдаа жижиг дунд үйлдвэрүүд зах зээлд илүү уян хатан оршин тогтнох онцлог дээрээ тулгуурлан нэгдэж кластерын системээр хөгжих,  жишиг загварыг бий болгосноор экспортод гаргах, экспортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой юм.

Цар тахлын дараа олон улсаас орж ирэх тээвэр логистикийн асуудал, түүхий эдийн татан авалтын зардал 10 дахин нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусаж байна. Дан ганц улсаас хамаарч үйлдвэрлэгддэг загвар байхгүй болсон учраас үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид кластерын системээр хөгжих, бүтээгдэхүүн үйлчилгээндээ нийгэм эдийн засгийн ач холбогдолтой инновацийг нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн салбарын чухал асуудал болоод байна.