Б.Урантуяа
сэтгүүлч
Баялаг бүтээгч
2022.05.16 10:32
3286
ЦЭЦГЭНД ДУРЛАСАН ОХИД ШИНЭХЭН БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэдэг “ENTREPRENEUR” нэвтрүүлэгт өөрийн хоббиг бизнес болгон хөгжүүлсэн А.Норжмааг онцолж байна. Түүнийг “Торхондой” модон эдлэлийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч гэдгээр нь олон хүн мэддэг. Тэрээр өөрийн үндсэн бизнесийн хажуугаар цэцгийн хүлэмжтэй болж  шинэхэн бизнесээ эхлүүлж байна.



Тус цэцгийн хүлэмжинд А.Норжмаагийн ээж, бэр дүүгээс гадна хоёр хүн ажиллаж байна. Тэд бүгд тарьж буй цэцгээ нялх хүүхэд шиг хайрлаж, халамжилдаг. Мөн эдгээр ажлын хамт олныг бүрдүүлэхдээ нас, хүйс, мэргэжил харалгүй, зөвхөн цэцгэнд дуртай байх гэсэн ганцхан шаардлага л тавьж ажилд авсан байна. Тэдний хамгийн ахмад ажилтан 72 настай Д.Гантөмөр бол бусдаасаа илүү эрч хүчтэй, бусдаасаа илүү ажилдаа дурласан, цэцгэнд хайртай нэгэн юм. Одоо тэд өглөө сэрэхдээ, орой унтахдаа ,“тарьсан цэцэгнүүд минь яаж байгаа бол” гэх ганцхан зүйлийг л боддог болжээ. Мөн тэд тарьсан цэцэгнүүддээ нэр хоч өгч, төрөл төрлөөр нь хуваарилж авсан байна. Ингэж цэцгийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж чадвал цэцгийн хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тийм ч хэцүү ажил биш гэж бодогдоно. Тэд бол 100 хувь цэцгэнд дурласан охид юм.
Гэвч хийж байгаа ажилдаа дурлаж чадаагүй хүн энэ ажлыг хийх тийм ч амархан биш. Тухайлбал А.Норжмаа нэг жил орчим судлаж, бүхий л холбогдолтой ном сэтгүүлийг уншиж, мэдлэг туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авчээ. Үүний дараа хашаа байшиндаа удаан бодсон зүйлээ хэрэгжүүлсэн байна. Одоо тэрээр энэ тал дээр баргийн мэргэжилтнээс дутахгүй мэдлэгтэй болсон. Тус хамт олон 2 сард үрээ суулгаж эхэлсэн бөгөөд хүйтний эрч сулраагүй байсан тул олон бэрхшээл тулгарч байжээ. Гэвч хамгийн анхны үрсэлгээ цухуйж эхэлхэд тэр бүх бэрхшээл юу ч биш юм шиг санагдаж, илүү сэтгэлээ шингээн ажиллах болсон байна.


Түүний гэр бүлийн гишүүд хамгийн сайн дэмжигч нь юм. Анх бизнесийн санаагаа ээждээ хэлэхэд эргэлзэж байсан ч охиндоо итгээд хамтдаа хийж эхэлжээ. Охиндоо итгэсэн нь ч зөв зүйл байсныг ээж Энхжаргал нь хэлж байлаа. Учир нь өдөр өдрөөр ургаж буй цэцгээ харах түүнд маш их аз жаргал, сэтгэл ханамжийг өгдөг болжээ. Мөн түүний бэр дүү Номиндарь нь төрийн албан хаагч ч гэсэн сонирхлоороо цэцэг тарьж эхэлсэн байна. Өмнө нь сонирхлынхоо хүрээнд, багахан хэмжээнд тарьдаг байсан бол бэр эгч А.Норжмаагаасаа урам зориг авч илүү том ажил хэрэг болгохоор төлөвлөж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж жимс жимсгэнэ, цэцэг, мод тарих хүсэлтэй иргэд нэмэгдсэн. Тэгвэл А.Норжмаагийн шинэхэн бизнесийг дэмжиж худалдан авалт хийхийг, мөн түүнтэй хамтран ажиллахыг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос уриалж байна.