Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2022.05.17 12:42
39208
Чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 141,8 тэрбум төгрөгөөр өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Тус хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл "Зээлийн өрийн үлдэгдэл 22,8 их наяд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5,1 их наядаар буюу  28,7 хувиар өсчээ. Зээлийн өрийн үлдэгдлийн 52 хувь иргэдийх, үлдсэн нь ААН-т хамаарагдаж байна. Хэвийн зээлийн үлдэгдэл 19,6 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 46,3 хувиар өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 997 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 289 тэрбум төгрөгөөр буурч, чанаргүй зээл 2,1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 141,8 тэрбумаар буюу 7,1 хувиар өсчээ.  Нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.  Харин тус сангийн зарлага нь 1.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 172.3 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар өссөн.

Өрхийн орлого, зарлагын 2022 оны нэгдүгээр улирлын  бодит мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78 мянган төгрөг буюу 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 16.6 хувиар өсөхөд өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, цар тахлын үед өрхийн амьжиргааг дэмжсэн нь нөлөөлсөн байна. 

Өрхийн зарлагын хувьд сүүлийн таван улирал дараалан буурч байсан бол 2022 оны нэгдүгээр улиралд өмнөх онтой харьцуулахад өссөн. Бодит зарлага 37 мянга буюу 3.5 хувиар өсөөд байгаа юм.

Ажиллагчдын тоо 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 73.6 мянгаар өссөн. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.1 хувь болж, өмнөх онтой харьцуулахад гурван нэгжээр өсөөд байна.  Ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.

Цалин хөлсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар буурсан" гэлээ.