Баялаг бүтээгч
2022.05.17 15:27
6237
ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА ШИЖИГНЭСЭН ЗАЛУУС МОНГОЛЫН БАЯЛАГ

Орхигдож уналтад ороод байсан авто засварын салбарт мэргэшсэн засварчдыг бэлтгэн ажлын байраар хангаж салбартаа гялалзаж яваа "Автодип гараж" -ийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр  болон түүний хамт олон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт орлоо.

Б.Одбаяр багаасаа техникт сонирхолтой нэгэн байжээ. Дөрвөн хүүхэдтэй айлын дунд хүү болж төрсөн тэрээр одоо дөрвөн хүүхдийн аав, гэргийн халамжит хань юм. 10 жилийн сургуулиа төгсөөд ахыгаа дагаж авто засварын салбарт ажиллаж эхэлсэн түүний ур чадварыг харсан хамтрагч нь хөрөнгө оруулж "Автодип гараж" -ийг үүсгэн байгуулж одоогоос 7 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Түүний аав, ээж, ах, эгч, дүү гээд бүгд техникээр явсан хүмүүс бөгөөд дүү Б.Одхүү "Автодип гараж" -д авто будагчин хийдэг.

Б.Одбаяр монголын авто засварын салбарыг түүчээлэгч "Автодип гараж" -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж 20 гаруй залуусыг ажлын байраар хангаж явна. Захирал гэхээсээ илүү мэргэшсэн засварчдыг бэлтгэж буй туршлагатай зөвлөх мэргэжилтэн болсон тэрээр БНХАУ болон Японд авто засварын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

              "Автодип гараж" нь 1500 м.кв талбайд авто засварын их биеийн засвар үйлчилгээ явуулж байна. Монголд бизнес эрхлэгч хэн бүхэнд тохиолддог байрны түрээсийн асуудлаас болж анхны тохижуулж засварласан гаражаасаа нүүж гурван жилийн өмнө одоо байгаа 1500 м.кв талбай гаражд үйл ажиллагаа явуулж эхлэн 0-ээс нь эхлэн тохижуулж байгаагаа танилцуулав.

"Автодип гараж"  нь авто будгийг кодоор гаргадаг будгийн лаборатори, авто будгийн 2 өрөө, авто машины төмрийн хүнд гажааг гаргах стэнд багаж, будаггүй сэв гаргах PDR зэрэг авто засварын олон улсын сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан үйлчилгээг зориулалтын тоног төхөөрөмж болон мэргэшсэн засварчдын ур чадвараар үзүүлж байна. 

"Автодип гараж"  засварын газар автомашины бүх төрлийн кузов засварыг өндөр түвшинд гүйцэтгэж автомашин худалдан борлуулдаг албан ёсны диллэр компаниудтай хамтран ажиллаж байгаа нь Монгол залуус хийж бүтээж, хөдөлмөрлөж чадаж байгаагийн тод илрэл юм. Тухайлбал Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал, Барс моторс, Говь ХК, BSB трейдинг, Малчин ХХК, MCS Coca Cola, Lexus service, Номин моторс зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гурван авто машиныг үнэ төлбөргүй засварлан цөлийн элсэн шар гялалздаггүй матте будгаар будаж өгчээ. Говьд энгийн будагтай автомашины гадаргуу наранд ойн гялбаж амьтдыг үргээдэг бол тус газрын автомашинуудыг байгаль, амьтдад зориулж будаж өгсөн нь бусдад үлгэр жишээ болохуйц үйл хэрэг яахын аргагүй мөн юм.

Б.Одбаяр захирал ойрын хугацаанд шинэ салбараа нээж засварын газраа ажиллах хүний нөөцөө бэлтгэхээр зорьж байна.   Учир нь одоо байгаа засварын газар нь авто машины гадна их бие 1,2,3-р зэргийн сэвээс хамаарч сардаа 50-60 деталь засварлах, будах хүчин чадалтай, үйлчлүүлэгчдийн захиалгад дарагдаж 7-14 хоногийн хүлээлгэтэй байгааг онцолсон юм. Тийм ч учраас машинаа засуулж будуулсан хүмүүсээр дамжуулан дараа дараагийн үйлчлүүлэгчд ирдэг байна. 

2000-аад оны эхээр уналтад ороод байсан Монголын авто машин засварын салбарт гадны засварчид орж ирснээр Вьетнам засварын газрын тоо олширч тэр хэрээр хүмүүс хурдан шуурхай засварт хошуурах болсон.  Саяхныг хүртэл Вьетнам засварын газрууд л зөвхөн авто машины их биеийн засвар буюу кузов засварыг хийж чаддаг гэх ойлголт Монголчуудын дунд нийтлэг байсан нь үнэн.

Монголд Авто машины засварыг орхигдсон салбар гэж хэлж болохоор. Учир нь энэ салбарт мэргэжилтэн бэлтгэгддэггүй явж ирсээр сүүлийн хэдэн жилээс МСҮТ-д хоёр жилээр мэргэжилтэн бэлтгэх болсон байна. Тэгэхээр авто засварт суурьтай, практикаар суралцсан хүмүүс авто засварын газруудыг авч явж ирсэн гэсэн үг.

Монголын авто засварын салбарт мэргэшсэн засварчдыг сургаж ажлын байраар хангаж байгаа Монгол залуус хөдөлмөрлөж, бүтээж хийж чадаж байгаагийн тод илрэл болсон "Автодип гараж" -ийн захирал Б.Одбаярын оролцсон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг тун удахгүй хүлээн авч үзээрэй.