Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төрийн нам
2022.05.19 17:40
7934
"Хүний олон хүнээ барьж иддэггүй гэдэг шиг Х.Баттулга нарын хүмүүс бид олуулаа гээд тоо яриад байна"

Ардчилсан намаас Х.Баттулга нарын зарим АН-ын гишүүдийг ЦЕГ, ТЕГ-аар шалгуулна хэмээн мэдээлэл хийлээ. 

 
АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: "2022 оны 4 сарын 6-нд Монгол улсын дээд шүүхээс АН-ын хүсэлтийг хүлээн авч дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр өнөөдөр АН-ын эрх барих дээд байгууллага нь Үндэсний бодлогын хороо гэдгийг тодорхой болгосон.
Тавдугаар сарын 29-нд сонгууль болоод бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явагдана. Дараа нь бүтцийн асуудал явуулаад намын даргаа сонгоно. Өөрөөр хэлбэл долдугаар сарын 1-н гэхэд бүх асуудал шийдэгдэнэ. Энэ хооронд АН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг тамга дансгүй хууль ёсны бус хүмүүс ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын дарга болгохоор УДШ-рүү турхирч байна. 
Бид ЦЕГ, ТЕГ-ын дарга нар луу нөхцөл байдлыг хяналтандаа аваарай гэсэн мэдээлэл хүргүүлсэн. Өнөөдөр тэд нар уриалаад дуудаад байгаа мөртлөө өөрсдөө гарахгүй хүмүүсийг турхирч байна. Ядарсан иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгаа тул бид тус мэдээллийг хүргүүлсэн. 
Хуульд шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт хууль бусаар нөлөөлөхгүй байх ёстой гэж заасан байдаг байтал тэд олон нийтийг турхирч шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна. Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасан байдаг тул тэдгээр хүмүүст анхааруулж байна.
Хүний олон хүнээ барьж иддэггүй гэдэг шиг Х.Баттулга нарын хүмүүс бид олуулаа гээд тоо яриад байна. Хэн нь олуулаа гэдгээ үзэх ёстой гэвэл тал дээр очоод тал талаасаа чулуу бариад зодолдчих хэрэгтэй. Гэтэл бид хуультай улс төрийн байгууллага, хуулийн этгээд. Иймээс хууль дүрэмдээ захирагдах ёстой. Бүхэл бүтэн үйл ажиллагаа явуулж байгаа нам дээр гүйж ирээд би дарга болно гээд суугаад байна. Маш харамсалтай зүйл нь бүх маргаан дуусаад байхад өөрөө өөртэйгөө өрсөлдөөд хаанаас ч юм 200 мянган хүн гээд тоо гаргаад байх юм. Тэр хүмүүс нь хаана байгаа юм гараад ирэх хэрэгтэй. 
Иймд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр бүхий этгээдүүдтэй үсэн хуйвалдаж АН-ын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаа явуулан өөрийгөө АН-ын даргаар сонгогдсон хэмээн хууль бус материал бүрдүүлж УДШ-д бүртгүүлэхээр хүргүүлсэн тул тус асуудлуудыг нягталж яаралтай холбогдох хуульд заасан хариуцлага тооцох шаардлагыг ТЕГ, ЦЕГ-т хүргүүлж байна."