Б.Урантуяа
сэтгүүлч
Орон нутаг
2022.05.20 17:22
2418
МЭДЭЭЛЭЛ ХАНГАЛТГҮЙН УЛМААС ОРОН НУТГИЙН ЖДҮҮ ЭРХЛЭГЧИД ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГГҮЙ

Өнөөдөр буюу 2022.05.20-ны өдөр “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг батлан даалттай зээлээр дэмжих нь” өдөрлөг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Зээлийн батлан даалтын сан орон нутгийн ЖДҮҮ эрхлэгчдэд мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулж байна.

 Тус арга хэмжээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэлцүүлгийн модератороор ажилласан бөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, ЗБДС-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г. Гангамөрөн, Төв аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ болон Төв аймгийн 22 сумын ЖДҮҮ эрхлэгчдийн 82 төлөөлөл оролцсон юм.

Төв аймгийн хувьд ЖДҮҮ эрхлэгчдээ идэвхтэй дэмждэг орон нутгийн төлөөлөл. Өмнө нь 600 сая төгрөг ЖДҮҮ эрхлэгчдэд зориулж төсөвлөдөг байсан бол энэ жил 1 тэрбум болгож өсгөжээ. Мөн 2022 оныг “Ногоон хөгжил- баялаг бүтээгчдээ дэмжих” жил болгон ажилласан нь цаг үеэ олж, олон шинэ ажлын байр бий болгох боломжтой боллоо.
Өнөөдрийн байдлаар Төв аймагт хөдөлмөрийн насны 32 мянган хүн амьдарч байгаагын дийлэнх хувь нь ЖДҮҮ эрхэлдэг. Гэвч эдгээр хүмүүст мэдээлэл дутмаг байгаагаас төрөөс олгодог зээлд хамрагдаж чаддаггүй. Энэ асуудлыг шийдвэрлэж, зээлийн батлан даалтын сан орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна. Одоогоор Зээлийн батлан даалтын санд баялаг бүтээгчдийг батлан даалттай зээлээр дэмжих 50 тэрбумын нөөц боломж бий.

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг батлан даалттай зээлээр дэмжих нь” өдөрлөг хэлэлцүүлгээр үргэлжилж, орон нутгийн ЖДҮҮ эрхлэгчдийн төлөөллөөс олон санал гомдол хэллээ. Тус аймагт газар тариалан, хөдөө аж ахуйн баялаг бүтээгчид зонхилдог бөгөөд энэ салбарт зээл авах хүндрэлтэй байдаг байна. Мөн Төв аймагт нэг чиглэлийн үйлдвэр үйлчилгээ олширч, зарим нь алдагдалтай ажилладаг тул сум тус бүрийн үйлдвэрлэлийг төрөл төрлөөр нь дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Цаашид орон нутгийн холбогдох албан тушаалтнууд судалгаа шинжилгээг эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг зах зээлтэй нь холбох гүүр болохоор зорьж буйгаа хэллээ. Мөн энэ үеэр орон нутгийн хэмжээнд бус орон даяар анхаарахуйц чухал сэдвүүд хөндөгдсөн. Үүний нэг нь Монгол хүний хүнсний асуудал байв. Монголчууд эртнээс сүү, цагаан идээ хэрэглэж, энэ нь монгол хүний генд нөлөөлөх түвшинд хүрсэн гэж үздэг. Гэвч орчин үед бид хүнсэндээ цагаан идээ хэрэглэх нь эрс багассан бөгөөд дэлхийн улс орнуудтай харьцуулахад 5 дахин бага хэрэглэдэг гэх судалгаа гарчээ. Сүү цагаан идээнд тэжээлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бусад үйлдвэрүүд нөлөөлдөг тул энэ салбарт анхаарч зээл олгох нь чухал гэдгийг хэлж байлаа.

Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд болон бусад оролцогчид дээрх асуудлуудад хариулт өгч, зарим хүмүүсийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь өнөөдрийн үйл ажиллагааг үр дүнтэй болголоо. Тиймээс цаашид бусад аймаг, орон нутгуудад тус арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн баруун аймгуудад Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд ажиллаад эхэлжээ.