Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.23 17:33
1052
МАН-ын бүлэг "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тогтоолын төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа,  Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн  төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлгээс завсарлага аваад байсан. Учир нь хуулийн төслөөр өнөөдрийн өргөн барьсан хүрээнд УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэх  шаардлагатай байсан юм. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслүүдийн тодорхой заалтуудыг өөрчилсөн байдлаар дэмжинэ  гэж үзлээ. Тодруулбал, хуулийн төслийн 34-р зүйлд заасан улс орны нийгэм, эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулах аргаар сонгох тухай заалт,  мөн  3.13-д  тусгасан УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлж байгаа бол энэхүү хуулийн төслийг дагаж мөрдөхгүй талаар тусгасан байдаг. Эдгээр  заалтуудыг  дэмжихгүй, харин бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн байр суурь нэгдлээ. Тиймээс Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг гарч, дээрх заалтуудыг хасах саналыг тусгаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн юм.

Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү төсөл нь дөрвөн томоохон өөрчлөлттэй хууль юм.

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд, гишүүдийн зүгээс хоёр заалтад онцгой анхаарал хандуулж байна. Үүнд, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээний дагуу  ажиллуулах, мөн НҮБ, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэнийг төрийн албанд гэрээгээр ажиллаж болохыг дэмжсэн хуулийн заалтууд байсныг бүлгийн гишүүд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Ингэснээр УИХ-аас ажлын хэсэг гарч, энэхүү заалтуудыг өөрчлөн найруулах, шаардлагатай тохолдолд хасах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тухайлбал, Хөтөлийн цемент шохой ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.

Ингэхдээ мөн УИХ-аас ажлын хэсэг гарч, Засгийн газар, Төрийн өмчийн хороотой хамтарч ажиллах,  цаашид энэхүү тогтоолоос гарч болох үр дагаваруудын талаар тодорхой заалтуудыг оруулах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүдийн байр суурь нэгдлээ” гэв.