Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.05.25 13:11
3456
МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын газрын тосны салбарын хөгжилд оюун мэдлэг, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадууддаа, одоо ажиллаж байгаа салбарын нийт хамт олон, эрдэмтэн, судлаач, залуу үеийнхэндээ Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөн түүхт 80/81 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олны өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17-р анги 1940 онд Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааг хийж анхны газрын тосыг илрүүлж байсан түүхтэй.

БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1941 оны 02-р сарын 28-ны өдрийн 15-р тогтоолоор “Союзнефтьэкспорт нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах тухай”, мөн оны 03-р сарын 06-ны 16-р тогтоолоор “Дорноговь аймгийн нутагт геологийн эрэн тэмтрэх ажлыг явуулсны үрээр нефть тосыг олоход холбогдох битумын гарах газрыг нээн олсон тухай” зэрэг түүхэн баримт бичиг, шийдвэрийг гаргасан байдаг.

Энэхүү түүхэн шийдвэрийн дагуу тухайн үеийн Тээврийн яамны харьяанд Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс байгуулснаар газрын тосны салбар 80 жилийн хугацаанд стратегийн ач холбогдолтой салбаруудын нэг болон хөгжсөн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар байна.

Монгол Улсад 1990-ээд оноос газрын тосны хайгуулын ажил дахин идэвхтэй өрнөж эхэлсэн ба улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 21 талбайд Засгийн газраас эрх олгосны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тостой холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаас 3 талбайд нь газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнгээр 2010, 2012 онд Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан-Элсний орд газарт 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая.тн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авсан ба манай улс газрын тос олборлогч орон болсон талаар олон улсад зарлаж байсан түүхтэй.

Газрын тосны хайгуулын шатны туршилтын олборлолт явагдаж эхэлсэн цагаас буюу 1996 оноос хойш дээрх орд газруудаас нийт 9.4 сая.тн газрын тос олборлож, экспортлон газрын тосны борлуулалтын орлогоос өссөн дүнгээр улсын төсөвт 2 их наяд төгрөгийг төвлөрүүлсөн нь чамлахааргүй амжилт, үр дүн, өгөөж юм. Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд нийт 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын багагүй хувийг эзэлж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Монгол Улсын Их хурал, Засгийн газар 2017 онд БНЭУ-аас олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах чухал шийдвэрийг гаргаж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлсэн нь салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тн газрын тос боловсруулж, олон улсын стандартад нийцсэн 339 мян.тн автобензин, 824 мян.тн дизель түлш, 80 мян.тн онгоцны түлш, 43 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий, 47 мян.тн зуухны түлш үйлдвэрлэнэ.

 Үйлдвэр ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангаж, улсын төсөвт жил бүр 200 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, шинээр 600 гаруй ажлын байр бий болж, гадаад худалдааны алдагдлыг 1.0 тэрбум орчим ам.доллараар бууруулж, Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавих өндөр ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэрээс гадна дагалдах дэд бүтцүүдийг барьж байгуулж байгаа ба энэ нь Эрдэнэт хотоос хойшх цогц бүтээн байгуулалт болж байна.

Хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хууль дээдэлсэн газрын тосны салбарыг хөгжүүлэх замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн ба цаашид ч хүчин чармайлт гарган ажиллах болно.

Эх орны хөгжил дэвшлийн хөдөлгүүрийг тэтгэгч газрын тосны салбарын үе үеийн төлөөлөл хамтран зүтгэгч Та бүхэнд болон гэр бүлд тань түүхт 80/81 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрүүл энх, Амжилт бүтээл, Аз хийморийг хүсэн ерөөе.

 

Г.ЁНДОН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД