Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2022.05.25 13:47
5366
Л.Халтар: Миний зам мөр цагаан, миний гар, миний ажил цагаан, би дэлхийн хаана ч шалгуулахад бэлэн

Монгол Улс БНХАУ-ын хооронд хийгдэж эхэлсэн чингэлэг тээвэртэй холбоотойгоор урд хөршид авилгын томоохон асуудал үүсч, өнгөрсөн долоо хоногт Хөх хотын төмөр замын томоохон албан тушаал хашдаг 10 гаруй хүнийг баривчилсан. Мөн Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлсөн талаар мэдээлэл байгаа. Тус асуудалд Л.Халтар сайд мөн холбоотой байж болзошгүй гэх мэдээлэлтэй холбогдуулан Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтараас өөрөөс нь тодрууллаа.

Зам, тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар: "Тийм асуудал яваад байна лээ. Би харсан. Эрээн дээр ажиллаж буй хил гаалийн ажилчдыг тодорхой хэмжээнд шалгаж буй асуудлыг цахим орчноос л мэдсэн. Албан ёсоор мэдээлэл аваагүй. Миний тухай хил гаалийнхантай ямар байдлаар холбоод байгааг мэдэхгүй. Нэг л зүйлийг хэлэхэд надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч хаана ч шалгуулахад ёстой нүүр бардам байна. Намайг тээвэр зуучийн компанитай гээд яриад байдаг юм. Тэрийгээ батлаад гаргах хэрэгтэй. Миний ХОМ дээр тийм зүйл байхгүй.

Монголын талд хилээ нээх л хамгийн чухал асуудал байсан. Холбогдох газруудтай удаа дараа хуралдаж, нэгдүгээр сарын дундуур хил нээгдсэн. Тэрний цаана Хятадын талд юу нуугдаж, ямар авилгал бий болчихсон, ямар тохироо байсан талаар харамсалтай нь надад мэдэх юм алга. Миний зам мөр цагаан, миний гар цагаан, миний ажил цагаан, би дэлхийн хаана ч шалгуулахад бэлэн" гэв.