Баялаг бүтээгч
2022.05.25 19:52
6054
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар Б.Сэржмядагийг гүйцэтгэх захирлаар томиллоо

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. 

Тус хурлаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох болон хоёрдугаар их хурлыг хуралдуулах товыг зарлах зэрэг олон асуудлаар хэлэлцлээ.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрийн өөрийн хүсэлтээр түүнийг холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалаас удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар чөлөөллөө. Мөн холбооны хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчийг томиллоо.





Холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн дундаас удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Б.Сэржмядаг томилогдлоо.

 Б.Сэржмядаг нь бизнесийн ухааны бакалавр, магистрын зэрэгтэй. Тэрээр бизнесийн удирдлагаар докторын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцаж байна. Тэрээр “Билэгт Дөлгөөн” ХХК-ийн маркетингийн албаны дарга, "Easy Smart Solution" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос зохион байгуулдаг томоохон форумуудын ерөнхий зохион байгуулагчаар 2019, 2022 онд томилогдон ажиллаж байсан. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал цаашид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүнчлэл болон бусад үйл ажиллагааг цахимжуулах ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлэхээ удирдах зөвлөлд танилцууллаа. Тодруулбал холбоонд гишүүнээр элсэх, чөлөөлөгдөх, татвар хураамжаа төлөх, мэдээлэл авах зэрэг үйлчилгээг цахимжуулж, монголын анхны "Цахим ТББ" болгох мөрийн хөтөлбөрөөрөө дэмжигдсэн юм.

Удирдах зөвлөлийн хурлаар холбооны хоёрдугаар их хурлыг 2022 оны 06-р сарын 27-нд Улаанбаатар хотноо хийхээр гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Энэ өдрийг одоогоос гурван жилийн өмнө НҮБ-аас олон улсын жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний өдөр (SME's Day) болгон зарласан байдаг. Энэ өдөр нь "Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо" анхдугаар их хурлаа хийж байсан тэмдэглэлт өдөртэй давхцаж буйгаараа онцлог юм. 

Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.