Б.Нарангоо
Ерөнхий редактор
Орон нутаг
2022.05.26 11:19
1292
Улаанбаатар дахь Ховдчуудын спортын наадам 11 дэх жилдээ боллоо

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ дунд 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Спортын их наадам” энэ сарын 19-22-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж шилгүүдээ шалгарууллаа. Тус наадамд Ховд аймгийн 16 сумын 176 багийн 1620 тамирчин оролцжээ. Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж анх нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг байсан бол өдгөө гурван насны ангиллаар, спортын дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг болжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховд аймаг нийслэлээс 1500 км алслагдсан хол тул ховдчууд маань тэр бүр нутагтаа очиж, гэр бүл хамаатан садан найз нөхөдтэйгөө уулзаад байж амждаггүй. Энэхүү спортын наадам нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой” гэсэн юм.

Энэ удаагийн наадамд багийн нийлбэр дүнгээр Жаргалант сумын баг тэргүүлэн шилжин явах Алтан цомын эзэн болж, дэд байрыг Булган сум, гутгаар байрыг Эрдэнэбүрэн сумын баг тамирчид эзэлсэн байна.

Наадмыг дэмжин “Алтан түнш”-ээр “Таван богд” групп, “Мөнгөн түнш”-ээр Вестерн холд ХХК-ийн Ховд эко цемент төсөл, “Хүрэл түнш”-ээр Өнө мөнх хөгжил констракшн, Холын цэнхэр Үенч клуб тус тус оролцжээ.