Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.05.31 14:20
21261
Хүүхдийн тэтгэмжийг эцэг, эхийн орлогын 50-н хувиар тогтоож, данснаас нь шууд суутгадаг болно

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг "Гэр бүлийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн талаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Өргөн барисан хуулийн төслийн гол өөрчлөлт нь хүүхэдтэй холботой асуудал. Жилд 3391 гэр бүл салж, 16 мянга орчим гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байна. Мөн жил бүр гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байна. Энэ салж буй 3000 гаруй хосын ард 6000 гаруй хүүхэд хохирч байна гэсэн үг.

Иймээс бид гэр бүл салатын дараах хүүхдийн асуудал болоод, тэтгэмж, түүний төлөлтийн асуудал дээр онцгойлон анхаарсан. 

Тэтгэмжийг, 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын түвшний 50 хувиар тооцож олгодог. 11-ээс дээш 18 нас хүртэл нь амьдралын доод түвшнээр тогтоодог. Ингээд 11 нас хүрээгүй хүүхдэд сард 115 мянга орчим төгрөг тогтоогдож байна. Тиймээс бид тэтгэмжийг тогтоохдоо орлоготой нь уялдуудж, орлогынх нь 50-аас доошгүй хувиар тогтоохоор хуульд зааж байгаа юм. 

Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилж, дахиж тэтгэмж төлөгчтэй хамтран төлүүлэх зохицуулалтыг оруулсан.

Хоёрдугаарт, тэтгэмж төлөлт маш бага байна. Нийт тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн 20 хувь нь л төлж, 80 хувь нь огт төлдөггүй буюу өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Тийм учраас тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж байгаа юм."