Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Ерөнхийлөгч
2022.06.05 20:11
3911
Хэрлэн суманд 700 га талбайг усалгааны системтэй болгох ажил эхэлж, арслангийн хөндийд тариалалтын шинэ технологийг нэвтрүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар аймаг, сумын удирдлагуудын хамт өнөөдөр Хэрлэн сумын Дулааны талд байрлах “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явц, Тахилгат тосгоны Арслангийн хөндийд “Хэнтий тариалан” ХХК-ийн шинээр нэвтрүүлж буй технологитой танилцаж, Хэрлэн сумын ногоочдын төлөөлөл 80 гаруй иргэдтэй уулзалт хийлээ.

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй”  төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд төслийн зорилго чиглэж байна. 

Хэнтий аймагт уг төслийн хүрээнд Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Гүйцэтгэгч компани бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дотор бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 700 га талбай усалгаатай болсноор Хэрлэн сумынхан аймгаа төдийгүй зүүн бүсийг төмс, хүнсний ногоогоор хангах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байна.

Хэрлэн суманд 13 аж ахуйн нэгж, хоршоо, 15 иргэн гэр бүлийн хамт 96,6 га талбайд төмс, хүнсний ногоо, 2000 метр квадрат зуны, 680 метр квадрат 3 улирлын хүлэмжид тариалалт хийдэг. Мөн 28 га ногоон байгууламж болон хамгаалалтын зурвастай, мод үржүүлэг хийдэг, чацарганын аж ахуй эрхэлдэг гээд эх орноо эрүүл хүнсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөдөлмөрчид юм.

Ногоочид урамшуулалд хамрагдахын тулд үйлдвэрүүд, агуулахад ногоогоо өгөхдөө баримтуудаа сайн бүрдүүлж, татварын албандаа өгөх хэрэгтэй. Урамшуулалд хамрагдсанаар ирэх жил хөнгөлөлттэй зээл авахад томоохон дэмжлэг, хөшүүрэг болно. Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 2 хоршоо, 2 ногоочин 150 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан дүнтэй байна.

Канадаас нэвтэрсэн эрдэнэшүүлэггүй технологийг амжилттай нэвтрүүлээд, туршаад явж буй нь “Хэнтий Тариалалт” ХХК нь уламжлалт технологиос татгалзан механик боловсруулалтыг нь цөөлж, дэвшилтэт техникийн хүчээр олон үйлдлийг нэг явалтаар хийх, нэг га-д тарьж байгаа үрийн нормыг багасгаад тариалалтын хугацааг урагшлуулах зэрэг хэд хэдэн давуу талтай харагдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Уг технологи амжилттай хэрэгжсэнээр нэг га-аас дунджаар 25 центнер үр тариа хураах боломж бүрдэх аж. Уг технологийн хувьд олон улсад онолын хувьд батлагдсан, парктикт үр өгөөж, үр дүнгээ өгөөд явж байна. Харин манай орны хөрс, цаг уурын нөхцөлд амжилттай нутагшуулахаар ААН-үүд олон жил уйгагүй туршиж, эхнээсээ үр дүнг үзээд хэрэгжүүл байна. Энэхүү технологийг Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдэж байгаа төдийгүй амжилттай болбол арга зүйг нь боловсруулаад явна. Ингэснээр нийтэд дагаж мөрдөх боломж бүрдэж, тариалалтын хувьд нэг том дэвшил гарна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. 

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ нь ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөний талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлж байгааг хэлж, хүнсээ дотоодоос бүрэн хангадаг болохын тулд төр, засгаас боломжтой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг онцлов.

Хэрлэн сумын ногоочдын зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн Хэнтийн Ногоочдын нэгдсэн сүлжээ (ХЭННЭС) ТББ-ыг 2016 оноос байгуулж, ногоочид хоршиж амжилттай ажиллах болсон. 

Усалгааны систем шийдэгдсэнээр хүнсний ногоогоор аймгаа төдийгүй, бүсээ хангах боломж бүрдэхийг онцолж, ногоочдыг дэмжсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн энэ үеэр ХХААХҮЯ-аас Хэрлэн сумын ногоочдод дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож 32 морины хүчтэй хоёр тракторыг хүлээлгэн өглөө.