Улс төр
2022.06.08 16:59
4375
Хүнсний аюулгүй байдал нь итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг сайжруулахаас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” орон даяар амжилттай хэрэгжиж эхэллээ. Энэхүү үндэсний хөдөлгөөн өрнөх 5 жилийн хугацаанд бидэнд засаж залруулах, шинэчлэх олон тулгамдсан асуудал бий. Үүний нэг нь итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал, нөөц бололцоо юм. Хэрэв Монголчууд бид аюулгүй хүнс хэрэглэе гэвэл судалгаа шинжилгээ, лабораториудад зайлшгүй анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орны түүчээ болсон зарим лабораториудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь 1947 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэр мал амьтны гоц халдварт өвчнийг илрүүлэх, экспорт импортын мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаа гаргах гэх мэт үйл ажиллагааг тасралгүй хийсээр ирсэн. Мал эрүүл бол хүн эрүүл байдаг тул “Хүнсний хувьсгалд энэхүү лабораторийн үр нөлөө их бий. Мөн Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн салбар үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус салбарт зочилж байгаад нийт малын эмч, эрдэмтэн судлаачид, албан хаагчид талархлаа илэрхийлж байлаа.

 

Мал эмнэлгийн салбарын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж үзсэн юм.Үүнд:

 

  • Ирэх таван жилийн хугацаанд Монгол малыг гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтооход ОХУ-тай хамтын ажиллагаагаа нягтруулж, тэдний санхүүжилттэй “Мал эрүүлжүүлэх 3 дугаар шатны хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх,

 

  • Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан орлогоос сум, дүүрэгт мал эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах замаар анхан шатны мал эмнэлгийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээний чадавхыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх,

 

  • Хариуцсан нутаг дэвсгэрийн мал сүргийн эрүүлийг баталгаажуулсан, халдварт өвчин гаргаагүй хувийн нэгжийн малын эмчийг Малын тоо толгойн албан татварын  тухай хуульд заасан орлогоос урамшуулдаг болох замаар анхан шатанд ажиллах малын эмчийн нөөцийг бүрдүүлэх,

 

  • Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн ур чадварыг сайжруулах,чадавхыг бэхжүүлэх, тэдний ажиллах орчин нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

  • Хүнсний аюулгүй байдлын баталгаа хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлын нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх гэх мэт зүйлсийг дурдаж байлаа.

    Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэнд 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж, 10.000 гаруй оюутан суралцдаг. Монгол Улсын ерөнхийлөгч дээрх гурван хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д зориулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бусад салбарууд, тэр дундаа уул уурхайн салбар ч чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хэлж байлаа. Монголын нийт ард түмний эрүүл аюулгүй хүнс хэрэглэх эсэх нь эдгээр эрдэмтэн судлаачдын мэдлэг  чадвартай нягт холбоотой.

 

   Үндэсний үйлдвэрүүдийн болон экспорт, импортын бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, гэх мэт био туршилтын шинжилгээг батлагдсан аргачлалын дагуу хийж, хэрэглэгчдийг үнэн зөв шинжилгээний үр дүнгээр хангах зорилготой  Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадал, нөөц бололцоотой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцан, тулгамдаж буй бэрхшээлүүдийг нь сонсож, шийдвэрлэхээр боллоо.

   Өнөөдрийн байдлаар тус лаборатори нь 141 ажилтантай бөгөөд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Монгол Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолын дагуу Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болж, хяналтын байгууллагын хяналт шалгалтын үр дүнг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах үндсэн чиг үүргээс гадна хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, хүнсний шинжилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, лабораториудын ур чадварыг үнэлэх сорилтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

 

 

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.  Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулдаг.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх шаардлага бидний өмнө тулгараад байна.