Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.08 19:13
5261
Хувийн өмчид халдаж буй хотын даргын үйлдлийг гишүүд буруутгав

ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАЖ БУЙ ХОТЫН ДАРГЫН ҮЙЛДЛИЙГ ГИШҮҮД БУРУУТГАВ 

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах гэрүүдийг хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч гэмтсэн гэх шалтгаанаар албадан буулгаж эхэлсэн. Улмаар тус газрыг эзэмшдэг иргэд энэ тухай мэдэгдээгүй, хувийн өмчид халдаж байна гэж үзэн хоорондын маргаан үүсээд буй. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Н. Энхболд: “Хувийн өмч хөрөнгийг ямар ч тохиолдол төрийн байгууллага хуулийн үндэслэл хангахгүйгээр буулгаж болохгүй”

"Зөвхөн өнгө үзэмж гэдэг шалтгаанаар нурааж болохгүй л дээ. Газар эзэмшихтэй холбоотой, урьдчилан сануулсан, гэрээ хэлцэл явж байсан зүйл байсан уу гээд нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Зарчмын хувьд хувийн өмч хөрөнгийг ямар ч тохиолдолд төрийн байгууллага хуулийн үндэслэл хангахгүйгээр буулгаж болохгүй шүү дээ. Огт байж болохгүй зүйл. Үндсэн хуульд хүртэл энэ тухай заалт бий. Хувийн олон нийтийн өмч хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр булааж авах, нураадаг асуудал хэрхэвч байж болохгүй."

 УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Хувийн өмчийг хамгаалах ёстой, би хувийн өмчид төр халдаж болохгүй гэсэн байр суурьтай  байна”

"Бид зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болж байна. Хувийн өмчийг хамгаалах ёстой байтал төр халдаж болохгүй гэсэн байр суурьтай  байна. Эцсийн үр дүндээ хувийн хэвшил гэдэг чинь өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг авч явж байгаа, ажлын байр бий болгож байгаа шүү дээ. Тийм болохоор зах зээлийн эдийн засгийн зарчмаар хувийн өмчийг хамгаалах мөн халдахгүй байх ёстой. Тухайн аж, ахуй нэгжид урьдчилан нийслэл мэдэгдэхгүйгээр буулгах арга хэмжээ авахгүй байх. Ямар нэг байдлаар утсаар ч юм уу  бичгээр мэдэгдсэн гэж бодож байна. Ямартай  ч шүүх зөв, буруу эсэхийг нь шийднэ гэдэг  итгэж байна.   Монгол Улсын хууль дүрмийн дагуу төрийн байгууллага мэдэгдэлгүйгээр үйлдэл хийх ёсгүй."

УИХ-ын гишүүн Ж.Бат Эрдэнэ: “Хэн эрх мэдрэлтэй, хэн дарангуйлагч, төрийн захиргааны байгууллага, засгийн газар шүүхийн шийдвэргүй төрийн өмчид халдаад байж болохгүй”

"Хамгийн түрүүнд зөвшөөрөлтэй байсан уу? Үгүй юу гэдэг асуудал байх ёстой байх. Зөвшөөрөлгүй бол төрийн дүрэм журам зөрчсөн гэдгээрээ ч юм уу? бас нураах татан буулгах нь зүй ёсны асуудал байх. Шүүхийн шийдвэр зайлшгүй гарах ёстой л гэж ойлгоод байгаа. Энэ барилга миний мэдэхээр маш олон жил болж байгаа. Би ойлгохдоо Улаанбаатар хоттой зохицсон юм уу? гэсэн зүйл бодсон. Саяхан ордон дотор эзэн нь явж байсан. Яасан та хэд хоорондоо зохицоод газрын төлбөр ч байдаг юм уу? нийслэлийн хүрээнд тодорхой шийдвэр гараад ч байдаг юм уу? зохицсон асуудал бий юу гэхэд үгүй гэнэ билээ.   Ер нь аливаа шийдвэрийг шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой гэж би бодож байгаа. Тэр тусмаа хувийн өмчид халдаж байгаа тохиолдолд, хувийн өмчтэй харьцаж байгаа тохиолдолд зайлшгүй шүүхийн шийдвэр байх ёстой л гэж ойлгож байна. Дахин хэлэхэд тодорхой хэмжээний шүүхийн шийдвэр ч юм уу? таслан шийдвэрлэх шийдийг үндэс болгон үйлдэл хийх ёстой. Түүнээс биш хэн эрх мэдэлтэй, хэн дарангуйлагч, хэн төрийн том шийдвэр гаргадаг, төрийн захиргааны байгууллага, засгийн газар ийм шийдвэр дангаараа гаргаад байж болохгүй."  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Хувийн хэвшил рүү хэт ихээр түрэмгийлэх, компаниудыг хураан авах, бизнес булаан авах зүйл өнөөгийн Засгийн газрын үед эрх баригчдын үед хэрээс хэтэрч байна”

"Тухайн газарт хувийн хэвшил очоод дураараа гэр бариагүй байх . Тэнд газар ашиглах ч юм уу, эзэмших ч байдаг юм уу, зөвшөөрөл өгсөн байж таарна. Тэр хүрээндээ аялал жуулчлалын үйл ажиллагаанд зориулан гэр бариад үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхой. Хотын захиргаа ч юм уу Засгийн газар ч юм уу зөвшөөрөл өгдөг. Нөгөө хэсэг хүмүүс нь үгүйсгэж хураадаг ийм тогтолцоо байх ёсгүй. Хэдийгээр МАН-ынхан энэ зөвшөөрлийг өгсөн ч гэсэн МАН-ынхан буцаагаад хураан авах ёс байхгүй. Сүүлийн үед төр бизнест хэт оролцдог байдал хэрээс хэтэрлээ. Төрийн өмчийн компаниуд асар их болсон. Түүнд нь дарга нарын ашиг сонирхол хэт их ордог болсон. Дээрээс нь дарга нарт нөлөөтэй, хуулийнханд нөлөөтэй хүмүүс хамгийн их ашигтай тээврийн бизнесийг хийж байна. Хувийн хэвшил рүү хэт ихээр түрэмгийлэх, компаниудыг хураан авах, бизнесийг нь  булаан авдаг байдал өнөөгийн засгийн газар, эрх баригчдын үед хэрээс хэтэрч байна. Богд уулын аманд аялал жуулчлалын зориулалтаар л газар олгосон байж таараа. Гэтэл тэнд хаусууд барьсан байна. Тэнд дарга нар л амьдарч  байгаа. Дарга нарын хаусыг буулгаж чадахгүй  шүү дээ. Ийм дабель стандарт байж болохгүй. Өнөөдөр хэн нэгний гэрийг буулгаж байгаа шиг аргааш чиний бизнесийг булаан авна, чиний гэрүүдийг буулгахад ойрхон байна."