Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.08 19:52
5165
"Хууль зөрчиж барьсан дарга нарынхаа хаусыг буулгаж чадахгүй байж шавар гэрүүдийг буулгасан нь шударга бус"

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах гэрүүдийг хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч гэмтсэн гэх шалтгаанаар албадан буулгаж эхэлсэн. Улмаар тус газрыг эзэмшдэг иргэд энэ тухай мэдэгдээгүй, хувийн өмчид халдаж байна гэж үзэн хоорондын маргаан үүсээд буй. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд болоод сайд нарын байр суурийг сонслоо.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: “Шавар гэрүүдийг "Өнгө зүсгүй байна" гээд буулгах эрх хэнд ч байхгүй”

"Газрын эрхийг цуцалсан гэж ойлгоогүй. Тухайн шавар гэрүүдийг нураасан гэж ойлгосон.  Анх 2016 оны зургадугаар сард таван жилийн хугацаатай тухайн газар олгогдсон. 2021 оны зургадугаар сард газрын эрх нь дууссан. Гэтэл 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр газрын эрхийг цуцалсан байдаг. Үүний дараа шүүхийн процесс өрнөж 2021 оны нэг сард шүүхээс газар цуцалсан тушаалыг хэрэгсэхгүй болгоод  газрын эрхийг сэргээсэн.

Ер нь бол хоёр асуудал байгаа. Нэг нь газрын асуудал. Нөгөө нь газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө бүртгэлжсэн үү гэдэг асуудал. Тухайн хүний хувийн өмчийн асуудал яригдаад байна. Ер нь бол Богдхан ууланд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг тоолоод үзэхээр гарын таван хуруунд багтахаар байгаа, бусад нь бүгд хаус. Нүхт, Хүүш, Арцатын амууд хаус болоод барилгажсан.  Зайсанд байгаа аялал жуулчлалын гэдэг зориулалттай газар дээр шавар гэр нь өнгө үзэмж муутай байсан нь үнэн. Тухайн компанийн менежментийн асуудал. Энэ нь тухайн гэрийг нураах үндэслэл биш.

Бид жишээ нь НЗДТГ-т хандан дунд голын дагуу усны хамгаалалтын бүс дээр усан парк барина гээд парк барьчихлаа. Үүнийг зогсоогооч гэсэн бичиг өгсөн. Өнөөдрийг хүртэл хариу алга. Хоёр давхарт байхад нь хандсан өнөөдөр барилга зургаан давхартаа хүрчихсэн байна.  

Энэ асуудлыг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. БОАЖЯ-нд газрын эрх хүсэхдээ аялал жуулчлалын түр отоглох газар гэж хүсдэг. Бид эрх олгодог.  Гэтэл тэр эрхээ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт очоод  зургаа өөрчлөөд 16, 19  давхар байшин болгоод хувиргадаг. Эргээд бид шаардлага тавиад очихоор танай нийслэл баталж өгсөн шүү дээ.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний баталсан “А даалгавар” бүх бичиг бидэнд байна гэдэг.

Нураах эрх шүүхийн шийдвэр дээр л бий болох ёстой. Шүүхийн шийдвэр гараад, шийдвэр гүйцэтгэлийн ажилтан ирээд хаалга үүдийг нь лацдаад явуул явна. Тэрнээс биш аль нэг ААН-ийн газар, хөрөнгөнд шүүхийн шийдвэргүй халдах ямар ч боломжгүй. Өнөөдөр хууль ийм л байгаа."

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Хууль зөрчиж барьсан дарга нарынхаа хаусыг буулгаж чадахгүй байж шавар гэрүүдийг буулгасан нь шударга бус"

"Тухайн асуудлын нарийн дарааллыг нь мэдэхгүй. Ер  нь бол Богдхан ууланд олгогдсон нийт газрууд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон. Тухайн ААН-ийн хувьд аминдаа л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гээд хичээж байна шүү дээ. Гэтэл эргэн тойрны бүх хаус, орон сууцууд бүгд хууль бусаар баригдсан болж таарч байна. Анх бүгд л аялал жуулчлалын нэрээр газар авсан. Тиймээс асуудлыг эндээс эхлэн ярих хэрэгтэй.

Сүүлийн 10 жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг шинжлээд үзэхэд, хувийн өмчийн оролцоо улам бүр багассан байна. Энэ нь юуг харуулж байна  вэ гэхээр хувийн өмч рүү халддаг асуудал хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ. Уул уурхайн орд, үйлдвэр завод байсан ч шүүхийн шийдвэргүй очоод булаагаад авчихдаг. Уг нь шүүх эцсийн шийдвэр гаргана гээд бид хууль дүрэмдээ заачихсан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний хувийн өмчид халддаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Тухайн хүмүүс зөрчилтэй байсан уу, гэрүүд өнгө үзэмжгүй байсан уу гэдэг шалтгаанаар нураах нь бол дараагийн асуудал.

Аялал жуулчлалын зориулалтаар бүгд зөвшөөрөл авчхаад дарга нар нь тэнд хаус барьчихаад тэр нь өнгө үзэмжтэй учраас байж болно гэдэг ойлголт байж болохгүй. Бүх юм хуулийн дагуу л явах ёстой.

Хувийн өмчид бид маш хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Өнөөдөр хүмүүс бизнес хийх сонирхолгүй боллоо. Цалин аваад нийгмийн даатгал төлөх сонирхолгүй болчихсон. Хувийн хэвшлийг дээрэмддэг үйлдлийг Ардчилсан нам, ардчилсан үзэлтэй хүн бүр эсэргүүцэх ёстой. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг дээдлэх нийгэм байх ёстой. Хувийн хэвшлийнхэн  баялаг бүтээгчид.”

Шадар сайд С.Амарсайхан: “Бусдын өмчийг шинэ, хуучнаар нь ялгаварлаж буулгах эрх нийслэлд байхгүй”

"Холбогдох байгууллагаас зөвшөөрлөө аваад барьсан бол хувийн өмч. Шинэ ч бай, хуучин ч бай, хаус, гэрийн аль нь ч байсан хувийн өмчид хуулийн дагуу л хандах ёстой. Хотын дарга хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байх гэж бодож байна.

Нарийн учрыг би мэдэхгүй. Шүүхийн шийдвэргүйгээр, хууль эрх зүйн баримт бичиггүй  халдаж байгаа бол тэр байж болохгүй асуудал. Бид чинь ардчилсан улс, хуулиар хүн өмчөө олж авах, хамгаалах эрх нь нээлттэй.   Одоо ч бид хүний эрхийг хангах бизнес аж ахуй нэгжээ дэмжих тухай ярьж байгаа.  Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бизнес аж ахуй нэгжээ дэмжээд явах Засгийн газрын бодлого ч  бий.

Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байх. Хэрэв хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол, шүүхийн шийдвэр нь юу гэж гарсан юм, буулга гэсэн юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хуулийн дагуу эзэмших, өмчлөх, худалдах, шилжүүлэх ётой шүү дээ.

Бусдын өмчийг буулгах, нүүлгэх тухай асуудал Монгол Улсын хараат бус шүүхээр л шийдвэрлэгдэнэ. Зөвшөөрлийг нь цуцлах гэж байгаа бол эхлээд сонсох ажиллагаагаа хийх ёстой.

Мэдэгдэх ёстой, хуулийн дагуу л явах ёстой асуудал" гэв.