Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.06.09 12:23
10360
Н.Түвшинбаяр: Найзынхаа амь насанд хүрье гэж, ийм нөхцөл байдалд хүргэнэ гэж огт бодоогүй явсан

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Яллагдагч Н.Түвшинбаяр сүүлийн үгээ хэллээ.

Тэрбээр, "Юун түрүүнд миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч байгаа. Маш их харамсаж, гэмшиж байна. Хийж болохгүй үйлдэл хийсэн гэж өөрийгөө бодож байгаа. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил, үр хүүхэд мөн аав, ээж ах дүү нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Миний найз миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаас хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж миний өнөөдрийн амжилт бүхэнд миний найз салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрье гэж, ийм нөхцөл байдалд хүрнэ гэж огт бодоогүй явсан.

Монголынхоо ард түмэн, миний найзыг дэмждэг байсан бүх хүнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна.  Гэм буруугаа ойлгож байгаа. Боломж олдвол би насан туршдаа найзынхаа гэр бүлд тус болж амьдрахын төлөө зүтгэх болно.

Мөн энэ хэрэгт холбогдож гэрчээр орж ирсэн бүх хүмүүсээс уучлалт хүсэж байна. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж байгаа. Эрхэм шүүгчид хандаж өмгөөлөгчийн минь хүссэн хуулийн дагуу шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна" гэв.