Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.06.09 17:52
5892
Ковидын хуулиар далимдуулж төрийн албанд томилогдсон 1085 албан тушаалтан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд- ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал бодлоо хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Ёс зүйн хуультай байхыг дэмжиж байна. Харин хэрэгжилтэн дээр санаа зовж байна. Сүүлийн үед дэмжмээргүй хуулиуд их байна. Жишээ нь төрийн албаны тухай хууль. Сэтгэл дундуур хууль орж ирэх юм.

Төрийн албаны хуулийн босгыг нь багасгахаар Монгол төрийн дархлаа суларна. Үүний хажуугаар Ёс зүйн хууль орж ирж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүй, чадвар ямар байна гэдгийг эргэж харах цаг болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулиар нэлээн тодорхой асуудлуудыг зохицуулах агуулгатай зүйл заалтуудыг оруулсан. Одоогийн байдлаар зарим төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох байдал орхигдсон байна. Тэгэхээр гомдол санал хүлээж хянан шийдэх ажиллагааг хэлмэгдэл гаргахгүй хариуцлага хүлээлгэх тал дээр анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй байна. Гомдол гаргагч иргэн хуульд нийцсэн гомдол гаргах зэргийг зохицуулах шаардлагатай. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн алба хашиж байгаа дарга цэрэг нар хариуцлагатай байх талаарх хууль нь улс орныг зөв голдиролд оруулах агуулгатай гэж харж байна. Тэрнээс биш төрийн албанд ёс суртахуунтай, сайхан ааштай хүнийг ажилд оруулах тухай асуудал яригдаад байгаа юм уу? Тодорхойгүй байна.

Төрийн албанд данхайсан биш ажлаа даахгүй байгаа хүмүүс зөндөө байна. Тэд нар өдөр шөнөгүй ажиллаж байна. Төрийн албыг данхайсан гээд л дарга цэрэг нар нь л данхайгаад байгаа шд. Ёс зүй ярьж байж ярьсан шиг ярих хэрэгтэй байна. Олон дарга нар  тангараг өргөөд авлигадаа идэгдээд л явж байна. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: Төрийн албаны зөвлөлд хийж байгаа ажил ч байна, саад бэрхшээл ч байна. Өнгөрсөн онд 417 байгууллага дээр шалгалт хийсэн. 417 байгууллагын 5803 төрийн албан хаагчийг хамруулсан. 1451 зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотой өөрсдөөр нь 577 шийдвэрийг нь хүчингүй болгуулсан. Тусгай шалгалтгүй орчихсон нөхдүүд байсан. Үнэмлэхгүйгээр хил нэвтэрч байна гэсэн үг.

1069 тусгай шалгалт өгөөгүй нөхдүүд дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад босго давсан нь томилогдоод, даваагүй нь чөлөөлөгдсөн. Төрийн албаны зөвлөл өнөөдрийн байдлаар 207 тушаалыг хүчингүй болгоод энэ хэрэгжээд явж байна. 1432 албан хаагч дээр хугацаатай үүрэг өгсөн. 289 удирдах ажилтнуудын шийдвэрийг засуулж буюу хууль бус томилгоог нь хүчингүй болгосон. Ковидын хуулиар томилогдсон 1085 гүйцэтгэх албан тушаалтны албан тушаалыг хүчингүй болгосон. 419 ёс зүйн зөрчлийг илрүүлж, хариуцлага ноогдуулж байна.