Б.Урантуяа
сэтгүүлч
Улс төр
2022.06.10 19:23
2267
“Хүнсний хувьсгал” үндэсний үйлдвэрлэгчдийн нурууг тэнийлгэнэ

   Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.Энэхүү уриалгыг үндэсний үйлдвэрлэгчид алга ташин дэмжлээ. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд анхаарлын төвөөс гадуур орхигдсон хүнсний салбарын бугшсан асуудлууд шийдэгдэх боломж бүрдэж байна. Энэ нь хүнс үйлдвэрлэгчид төдийгүй бусад уялдаа холбоотой ажилладаг баялаг бүтээгчдийн нурууг тэнийлгэж буй явдал юм.

МОНГОЛ УЛСАД ТӨДИЙГҮЙ АЗИД ЦОР ГАНЦ ҮЙЛДВЭР

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч “АПУ” хувьцаат компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь нийт 2000 гаруй ажилчидтай бөгөөд  11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл аюулгүй, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангаж байна. Мөн уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч 40 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “АПУ Дэйри” ХХК-ийн монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг бөгөөд “Монгол сарлаг” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тус компанийн үйлдвэр нь хүний оролцоогүй бүрэн автомат, Монгол Улсад төдийгүй Азид цор ганц гэдгээрээ онцлог.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн танилцуулгынхаа үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Тариаланчдын нийлүүлсэн улаан буудай, малчны хотноос гарсан сүү харилцагчдад эцсийн бүтээгдэхүүн болон хүрэх хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагандаа бүрэн хяналттай байдаг тул АПУ ХК-ийн бүтээгдэхүүн стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдэгт хэрэглэгч, харилцагчид итгэлтэй байж болно” хэмээн онцолсон юм.

 

ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЦӨӨХӨН БАЙНА

  Бялуу, нарийн боов, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  “Жүр Үр” компани нь Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжүүдийн нэг болсон цөөхөн үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлан тулгамдаж буй бэрхшээл, санал санаачлагыг сонсох үеэр “Жүр Үр” компанийн дэд захирал Б.Мөнхзул манай улсад зөвхөн ажилгүй иргэд, малчдыг л дэмжих бодлого яригддаг. Хүнсний хувьсгал төдийгүй бусад салбарын үйл ажиллагааг дэмжихийн тулд ажил олгогчдыг дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж байв. Мөн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх дараах саналуудыг хэллээ. Үүнд:

  • Хүнсний үйлдвэрийн салбараас зөвхөн талх, нарийн боовны үйлдвэрлэл бодлогоос гадуур орхигдсон байгааг залруулах
  • 5-аас дээш жилийн хугацаатай, бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг шударга шалгуураар олгох эсвэл хүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Дотоодын үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүний НӨАТ-ын эцсийн хэрэглэгч хүртэл бүх шатанд 5 жилийн хугацаанд нөлөөлөх
  • Дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмжийг гааль НӨАТ, татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлөх
  • Ажил олгогчдыг дэмжсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэх зэрэг саналууд хэллээ.

ТАРИАЛАНЧДЫН ХӨЛС ХҮЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ШИНГЭСЭН БАЙГАЛИЙН, ЖИНХЭНЭ ОРГАНИК БҮХЭЛ ҮРИЙН ГУРИЛ

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. “Хурх” гурилын үйлдвэр хоногт 120 тн улаанбуудай боловсруулах хучин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм. Мөн 20 жилийн туршлагадаа түшиглэн өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг "УЛАМЖЛАЛТ ЧУЛУУН ТЭЭРЭМ"-ийн үйлдвэрийг Монголдоо анх удаа байгуулж Онон Хурхын голын сав газарт өөрсдийн тарьж ургуулсан буудайгаа тээрэмдэж, тариаланчдын хөлс хүч, үйлдвэрлэгчдийн сэтгэл зүтгэл шингэсэн байгалийн, ЖИНХЭНЭ ОРГАНИК БҮХЭЛ ҮРИЙН ГУРИЛ-ыг үйлдвэрлэж байна.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ТАСРАЛТГҮЙ ХИЙНЭ

    “Өгөөж-Чихэр боов” компанийн удирдлагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж, цаг үеэ олсон Үндэсний аюулгүй байдал, Монголчуудын эрүүл амьдрахад чухал нөлөө үзүүлэх хөдөлгөөн гэж дүгнэлээ. Мөн энэ хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр иргэд нь эрүүл байхаас гадна ажилтай орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.  Тус  үйлдвэр нь сүүлийн 20 жилд хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 20-оод жил дэлхийн хамгийн хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, тасралтгүй шинэчлэл хийж байна.

 

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН БАЯЛАГ БОЛ АЖИЛЛАХ ХҮЧ ЮМ

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг зөвхөн ажил олгогчид л дэмжиж байна гэж ойлговол өрөөсгөл болно. Үндэсний хүнс үйлдвэрлэл явуулдаг 2000 орчим байгууллагын ажилтан албан хаагчид ч бас дэмжин, талархаж байгаа юм. Тухайлбал 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн “Газар шим” барааны тэмдэгтэйгээр худалдан борлуулдаг “ГБТ-Трейдинг” ХХК-ийн ажилчид “Хүнсний хувьсгал” орон даяар хэрэгжиж эхэлсэн нь тэдний ажил амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Ажил олгогч баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчин нь жинхэнэ баялаг нь байдаг.

 

 

 

МОНГОЛД МАССЫН ЧИХРИЙН ҮЙЛДВЭР ГАНЦХАН БАЙДАГ

   2020 оноос эхлэн чихрийн масс үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан БОСА Кондитер компанийн “Monkondi” чихрийн үйлдвэр нь чөмөгтэй, чөмөггүй хатуу ба зөөлөн чихэр үйлдвэрлэх бүрэн автомат 2 иж бүрэн шугамтай бөгөөд жилд 3000 тонн хатуу болон шоколадан чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл Монгол Улсад байгаа цор ганц массын чихэр үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид юм.

  

ЭРҮҮЛ ХҮНС АЮУЛГҮЙ САВЛАГААНААС ЭХЛЭЛТЭЙ

     Эрүүл аюулгүй хүнсэнд сав баглаа боодол хамгийн чухал нөлөөтэй. Тухайлбал сүүлийн үед иргэдийн ихээр хэрэглэж байгаа цэнхэр, шар савуудыг химийн хортой болон аюултай бодис хадгалах, тээвэрлэхэд л нэг удаа ашигладаг. Гэвч бид өдөр тутам хэрэглэсээр байна. Иймд төрийн тэргүүн үндэсний сав баглаа боодлын үйлдвэрлэгчид “Чиглэл” болон “ОБ ПЛАСТИК” компаниудтай уулзаж, бодит нөхцөл байдалтай нь танилцлаа. 1990 оноос хойш нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар угсралтын  чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Чиглэл” компани хоол үйлдвэрлэлийн зориулалтын сав, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэг бол ОБ Пластик үйлдвэрийн хувьд 170 орчим ажилтан, 70 орчим машин, тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж, гялгар уут, баглаа боодлын зах зээлийн 50-60 хувийг дангаараа хангадаг байна.

  

Монголчууд бид өнөөдрийн байдлаар нийт хүнсний хэрэглээнийхээ 50 орчим хувийг гаднын улсаас импортлож авч байна. Хэрэв манай улсын хүнс боловсруулдаг 1900 гаруй үйлдвэр, цехүүд, баялаг бүтээгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг түүчээлэн дэмжиж чадвал бид эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломж бүрдэнэ.

 ЭХ ОРОНДОО “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ХИЙЦГЭЭЕ