Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.06.15 18:12
5259
Д.Эрдэнэбилгийн биеийн байдлыг харгалзан батлан даалтад гаргажээ
Шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдал, Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.
 
Тодруулбал, МӨХ-ны гишүүн өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Амартүвшин нараас яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргажээ.
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч  461 дүгээр хаалттай хорих ангийн эмч нарын тодорхойлолтууд, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн зүгээс гаргасан “...биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна” гэж Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд амаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
 
Ингээд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусталх хугацаанд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
 
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар