Улс төр
2022.06.16 13:34
1959
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад мэргэжилтэн, боловсон хүчин дутмаг байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ. 

     Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Мөн уг тогтоолын төсөлд 4 жилийн хугацаанд нийт 1.7 их наядын төсөв зарцуулахаар төлөвлөж байна.

 

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хүрээнд асуулт асууж, томилогдсон ажлын хэсгээс хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл заавал бодит байдал дээр биеллээ олох ёстой. Үүний тулд бусад хууль тогтоомжтой уялдах шаардлагатай гэдгийг анхааруулж байв. Мөн ажлын хэсгийн зүгээс судалгаа шинжилгээ, лабораторийн нөхцөл байдал, малын халдварт өвчинг 3-5 жилийн дотор байхгүй болгох, Мал эмнэлэгийн салбарт чадварлаг боловсон хүинг бэлтгэх, сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагад анхаарах, том газар нутгаа ашиглан хүнсний ногоог их хэмжээгээр тарьж, хадгалалт, борлуулалтын асуудлыг нь шийдвэрлэх, хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах, тэднийг дэмжих гэх мэт олон асуудлыг хөндөж, шийдвэрлэх боломж байгааг хэлцгээж байв.

Тухайлбал Засгийн Газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг салбар салбарын харьяанд байгаа лабораториудыг нэгтгэж хөндлөнгийн хараат бус үндэсний лабораторийг байгуулан чадавхжуулан бэхжүүлж, экспорт болон импортоор оруулж ирж байгаа бүх бүтээгдэхүүнээ шалгаж баталгаажуулдаг болох шийдэлд хүрч, энэ чиглэлээр холбогдох судалгааг хийж байгааг тодотгов. Мөн тэрбээр, нэг малын эмчид 35-40 мянган мал ногдож байгаа зэргээс эхлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал хурцаар тавигдаж байгааг хөндсөн. Иймд тогтоолын төсөлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээрх төрийн өмчит их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бүх асуудлыг тусгаж өгсөн гэв.  

Түүнчлэн уг тогтоолын төсөлд малын гоц халдварт өвчний эсрэг 145 тэрбум төгрөгийн вакциныг жилд хоёр удаа хийн дархлаажуулж, таван жилийн хугацаанд мал сүргийг бүрэн эрүүлжүүлэхээр тусгасан байна.  Мөн уг тогтоолд хүлэмжийн аж ахуй чиглэлээрх үйл ажиллагааг бүрэн тусгасан бөгөөд өвлийн хүлэмжийг 50 мянган га-д хүргэвэл дотоодын хэрэгцээг хангана гэж тооцоод Сангийн яамтай ярилцаад эх үүсвэрийг нь  зээлийн батлан даалтын сангаар дамжуулан гаргахаар болсон. Улмаар Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж энэ жил 3 хувийн нэмэлт эх үүсвэрийг гаргасан. Хоршооллын хувьд 8 тэрбум төгрөг суусан. Гэхдээ уг хөтөлбөрөөр нийт асуудлыг шийдэж буй хэрэг биш. Манай ЖДҮ-ийн агентлаг энэ чиглэлд анхаарч ажиллана" гэлээ.

Ийнхүү тогтоолын төслийг гурван цагийн турш хэлэлцсэний эцэст нийт ирсэн УИХ-ын Гишүүдийн 68.2 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө.