Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.06.17 18:16
5951
Хувийн өмчийг хамгаалж дугарсан хүний эрхийн мэдрэмжтэй улс төрчид

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах гэрүүдийг хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч гэмтсэн гэх шалтгаанаар албадан буулгаж эхэлсэн. Улмаар тус газрыг эзэмшдэг компанийн зүгээс шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчид халдаж байна хэмээн маргаан үүссэн. Тэгвэл өнөөдөр Засаг дарга Д.Сумъяабазар, нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болон Богдхан амралтын гарзын удирдлагуудтай уулзалт хийж зөвшилцөлд хүрлээ.

Мөн тус асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н. Энхболд, Э.Батшугар, Ж.Бат Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлж, төр ямар ч тохиолдолд хүний хувийн өмчид шүүхийн шийдвэргүйгээр халдаж болохгүй гэдгийг дуу нэгтэй хэлж байсан юм.

Дээр дурдсан сайд гишүүд хувийн өмчийг хамгаалж дугарснаараа "попорсон" мэт харагдаж байж болох ч хамгийн хүний эрхийн мэдрэмжтэй, хууль шүүхээ дээдэлдэг гэдгээ тод томруунаар харуулсан гэж хэлж болно.

Учир нь үүсээд байсан нөхцөл байдлын тухайд нэгдүгээр асуудал бол төр нь өөрөө цагдаа хүчний байгууллагаар хамгаалуулж, иргэнийхээ хувийн өмчид шүүхийн шийдвэргүйгээр халдаж, эвдэж сүйтгэн, хохирол учруулж албадсан асуудал юм. Бусад асуудал бол хоёрдугаарт байсан.

Сайд гишүүд тухайн асуудалд хэрхэн хандаж, ямар үнэлэлт дүгнэлт өгсөн бэ гэдгийг тодруулбал;

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:  “Тухайн хүний хувийн өмчийн асуудал яригдаад байна. Ер нь бол Богдхан ууланд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг тоолоод үзэхээр гарын таван хуруунд багтахаар байгаа, бусад нь бүгд хаус. Нүхт, Хүүш, Арцатын амууд хаус болоод барилгажсан.  Зайсанд байгаа аялал жуулчлалын гэдэг зориулалттай газар дээр шавар гэр нь өнгө үзэмж муутай байсан нь үнэн. Тухайн компанийн менежментийн асуудал. Энэ нь тухайн гэрийг нураах үндэслэл биш. Нураах эрх шүүхийн шийдвэр дээр л бий болох ёстой.”

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Хууль зөрчиж барьсан дарга нарынхаа хаусыг буулгаж чадахгүй байж шавар гэрүүдийг буулгасан нь шударга бус.  Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний хувийн өмчид халддаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Тухайн хүмүүс зөрчилтэй байсан уу, гэрүүд өнгө үзэмжгүй байсан уу гэдэг шалтгаанаар нураах нь бол дараагийн асуудал.”

Шадар сайд С.Амарсайхан: “Бусдын өмчийг шинэ, хуучнаар нь ялгаварлаж буулгах эрх нийслэлд байхгүй. Бусдын өмчийг буулгах, нүүлгэх тухай асуудал Монгол Улсын хараат бус шүүхээр л шийдвэрлэгдэнэ.

УИХ-ын гишүүн Н. Энхболд: “Хувийн өмч хөрөнгийг ямар ч тохиолдол төрийн байгууллага хуулийн үндэслэл хангахгүйгээр буулгаж болохгүй”

УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Хувийн өмчийг хамгаалах ёстой, би хувийн өмчид төр халдаж болохгүй гэсэн байр суурьтай  байна”

УИХ-ын гишүүн Ж.Бат Эрдэнэ: “Хэн эрх мэдрэлтэй, хэн дарангуйлагч, төрийн захиргааны байгууллага, засгийн газар шүүхийн шийдвэргүй төрийн өмчид халдаад байж болохгүй”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Хувийн хэвшил рүү хэт ихээр түрэмгийлэх, компаниудыг хураан авах, бизнес булаан авах зүйл өнөөгийн Засгийн газрын үед эрх баригчдын үед хэрээс хэтэрч байна”